Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2024.11.22
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг /2024.11.22/  нд Улсын ИХ Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай: Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1994 онд баталж, 1996 оны 10 дугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсноос хойш одоогийн байдлаар 96 улс нэгдэн оржээ.

Конвенцын зорилго нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааны дэглэмийг ханган тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор болзошгүй цацрагийн ослын үед үр дүнтэй хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгахад оршиж буй аж. Энэхүү конвенц нь цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг хангахад үйлчлэх юм байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээ, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцод нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан байна.

Улсын Их Хурлын 2015 оны 60 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн байна.

Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд дэмжсэн санал, дүгнэлт гаргажээ.

2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 79.1-д заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу өнөөдөр өргөн мэдүүлжээ.

ШИНЭ МЭДЭЭ