Ц.Туваан: Газрын ховор элементийн төслийг ураны төсөл шиг гацаавал маш том боломжоо алдана
2024.12.03
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ц.Туваан: Газрын ховор элементийн төслийг ураны төсөл шиг гацаавал маш том боломжоо алдана

Дэлхий нийтэд эрэлттэй байгаа газрын ховор элемент нь өндөр технологид хэрэглэгддэг чухал эрдэс, түүхий эд болдог. Ялангуяа тогтмол соронзонгийн үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг. Гэрлийг өөртөө маш сайн, тод дамжуулдаг чадвараар бүхий л техникийн дэлгэц, цахилгаан дамжуулагч, хөдөлгүүр, цахилгаан машины зай хураагуурт ашигладаг байна. Тухайлбал, салхин сэнсний хөдөлгүүр, катализатор, цэнэглэдэг батарей, нарны хавтан зэрэг сэргээгдэх эрчим хүч болон байгаль орчинд сөрөг нөлөө багатай, ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд өргөн ашигладаг, мөн цөмийн технологи болон цэргийн техникт хэрэглэдэг аж. Монгол Улс энэхүү эрдсийн баялгаараа дэлхийд эхний 15-д ордог бөгөөд өнөөдрөөс энэ асуудалд анхаарч ажиллаж чадахгүй бол энэ салбарт гол тоглогч болох боломжоо алдана гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан онцолж байгаа.

Алт, зэс, нүүрс зэрэг уул уурхайн уламжлалт бүтээгдэхүүнээс ч дутахааргүй дэлхийн орнуудын сонирхлыг татаж буй газрын ховор элементийн хувьд Монголд таван томоохон орд, 71 илэрц, 246 эрдэсжилт бүхий цэг бий аж. Үүнээс Мушгай худаг, Лугийн гол, Хотгор ба Халзан бүргэдэйн ордууд хамгийн их буюу 6,6 сая тонны нөөцтэй гэж үздэг байна. Хэдийгээр бүрэн гүйцэд судалгаа шинжилгээ хийгдээгүй ч манай улсын хувьд газрын ховор элементийг олборлож, ашиглахтай холбоотой асуудал яригдаж байгаа. Төр засгаас 2022 оны аравдугаар сард “Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Герман улстай зэс боловсруулах үйлдвэр, цахилгаан автомашин, техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтсон.

2023 оны хоёрдугаар сард Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татан, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тогтсон. Мөн Монгол Улс, БНСУ-ын хооронд хамтарсан Ховор металлын судалгааны төв байгуулахаар болсон билээ.

Аж үйлдвэр, эдэс баялгийн сайд Ц.Туваан ийм чухал сэдвээр бид ярьж эхлэхгүй, хуучин ураны төслүүд шиг хориг тавьж, гацаагаад байвал энэ төрлийн салбарт гол тоглогч болох боломжоо алдана. Ахиад 5 жил улстөржөөд энэ асуудлыг шийдэж чадахгүй бол бид хоцорно гэдгийг онцлоод байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ