Эмэгтэйчүүдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны 30 жилийн ой тохиож байна
2024.12.09
Улстөр

Эмэгтэйчүүдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны 30 жилийн ой тохиож байна

Энэ онд Монгол Улсад эмэгтэйчүүдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны 30 жилийн ой тохиож байна.

Аливаа тэмдэглэлт ой гэдэг хүрсэн амжилт, үр дүнгээ бахархан тэмдэглэх баярт мөч, нөгөөтээгүүр туулсан замаа эргэн харж, алдаа оноогоо хэлэлцэж, ирээдүйн зам мөрөө тодорхойлох аятай далим болдог билээ.

Чухам энэ агуулгаар Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, сумдын тус холбооны салбар зөвлөлийн үе үеийн удирдлага, тэргүүлэгчид, гишүүдийн төлөөлөл нийслэл Улаанбаатарт хүрэлцэн ирж, чуулж байна.

Манлайлагч эмэгтэйчүүд түүхт ойгоо зөвхөн баяр ёслол болгон тэмдэглэх бус, санаа бодол, мэдлэг, мэдээллээ солилцон сургалт, хөгжлийн арга хэмжээ зохион байгуулах санал тавьсныг миний бие элч төлөөлөгчийн хувиар талархан хүлээн авч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамтаар уг арга хэмжээг дэмжин зохион байгууллаа.

Тэд маань улс орны нийгэм, эдийн засаг, орон нутагт тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдэл, ирээдүйн хөгжлийн талаар оюун бодлоо уралдуулан хэлэлцэхийн зэрэгцээ олон улсын нөхцөл байдал, манай улсын гадаад бодлого, гадаад харилцааны салбарын онцлог, дипломат ёс, дэг журмын талаар салбарын мэргэжилтнүүдийн сургалтад оролцож, мэдлэг, туршлагаа нэмэгдүүлж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд оролцогч гал цогтой, манлайлагч эмэгтэйчүүд маань Хангайн бүс, Монгол орныхоо олон мянган охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ сурсан мэдсэнээ хуваалцан түгээж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь үлгэрлэн дагуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ