2024.12.10
Гадаад харилцаа
Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Жаухари Оратмангун-ыг 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон Индонез Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод Монгол Улс Жакарта дахь Дипломат төлөөлөгчийн газраа сэргээн нээсэн нь хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагааг цэцэглүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Элчин сайд Жаухари Оратмангун Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдаар ажиллах хугацаандаа Индонез, Монголын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд онцгойлон анхаарч, 2025 онд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг болон соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих чиглэлд идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв.