Монгол Улс “Наурызын баяр” өвийн хамтарсан жагсаалтад нэгдлээ
2024.12.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Монгол Улс “Наурызын баяр” өвийн хамтарсан жагсаалтад нэгдлээ

Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо 2024 оны 12 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд хуралдаж буй ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганы шийдвэрээр ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Наурызын баяр” өвийн өргөтгөсөн жагсаалтад Монгол Улсыг нэмж бүртгэлээ.

“Наурызын баяр” өвийг 2009 онд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын санаачилгаар тус жагсаалтад бүртгэсэн бөгөөд Афганистан, Азербайжан, Энэтхэг, Ирак, Казахстан, Киргизстан, Узбекистан, Пакистан, Тажикстан, Турк, Туркменистан зэрэг 12 улс хамтран бүртгүүлж байсан.

Монгол Улсын хүн амын 4 хувийг эзэлдэг казах түмний хаврын бэлгэдэл болох Наурызын баяр нь соёлын биет бус өвийн олон илэрхийллийг агуулдаг бөгөөд казах түмний ёс заншил, уламжлалт сэтгэлгээ, соёлын уламжлалыг хамгаалж, хойч үедээ өвлөн үлдээхэд нийгэм, соёлын чухал үүрэгтэй баяр юм.

ШИНЭ МЭДЭЭ