“Монгол нүүдлийн зан үйл” өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ
2024.12.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Монгол нүүдлийн зан үйл” өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо 2024 оны 12 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганы хуралдааны шийдвэрээр “Монгол нүүдлийн зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэлээ.

Байгаль, цаг уур, ахуй амьдралын хэв маяг, мал сүргийн бүтэц, онцлогтойгоо уялдуулан манай ард түмний бүтээн, уламжлуулан өвлүүлж ирсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийг хүн төрөлхтний оршихуй, хүрээлэн буй орчны тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн нэгдмэл байдал, хүртээмжтэй эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан хэмээн ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хороо, Үнэлгээний хорооноос сайшаан үнэлж, тус өвийг хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт оруулснаа албан ёсоор батламжиллаа.

“Монгол нүүдлийн зан үйл” өв нь нүүдэллэх нутаг, бэлчээр сонгох, нүүх өдөр судар сонгох, нүүдэл ачаалах, бууц сууриа цэвэрлэх, шинэ буусан газар нутгаа аргадах, бэлчээрийн нөөц, даацыг өөрийн болон айл саахалтын мал сүргийн бүтэц, тоо толгой, зэрлэг амьтан, ургамлын тархац, нутагшилтай уялдуулах байдлаар мал сүргээ хариулж, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах уламжлалт мэдлэг, арга ухааны цогц тогтолцоо, зан үйл юм.

Хүн, байгаль, мал гурвын харилцан шүтэлцээнээс үүсэн бий болж, олон мянганы туршид өвлөгдөн ирсэн, оршин буй байгаль дэлхий, мал ахуйгаа хайрлан хамгаалах мэдлэгийг өвлөн тээгчид өнөөдөр ч Алтайн өндөр уулс, говь нутагт тэмээгээр, хангайн нуруунд сарлагаар, тал хээрт тэмээ болон хөсөг тэргээр, тайгын бүсэд цаа бугаар нүүдэллэсээр байна.

“Монгол нүүдлийн зан үйл” өв нь “Адуун сүрэг маллах арга ухаан”, “Тэмээн сүрэг маллах арга ухаан”, “Үхэр сүрэг маллах арга ухаан”, “Хонин сүрэг маллах арга ухаан”, “Ямаан сүрэг маллах арга ухаан”, “Сарлаг маллах арга ухаан”, “Цаан сүрэг маллах арга ухаан”, “Тэнгэр, эрхэс, цаг агаар шинжих уламжлалт мэдлэг”, “Бэлчээр, өвс ургамал, ус шинжих мэдлэг ухаан”, “Байгаль хамгаалах уламжлалт арга мэдлэг, зан үйл”, “Газар шинжих таних мэдлэг ухаан”, “Шинэ нутаг сонгох мэдлэг”, “Монгол зурхай” зэрэг өвийн төрөл зүйл болон Монгол орны байгаль, газарзүй, цаг ууртай шууд хамааралтай.

“Монгол нүүдлийн зан үйл” нь Монгол Улсын соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага”-ын ай савд бүртгэгдсэн өв юм.

ШИНЭ МЭДЭЭ