Хэлэлцээр байгуулагдсанаар агаарын тээврийн  аж ахуйн нэгжүүдэд стандартын шаардлагад нийцсэн шатахуун авах боломж бүрдэнэ
2025.04.16

Хэлэлцээр байгуулагдсанаар агаарын тээврийн аж ахуйн нэгжүүдэд стандартын шаардлагад нийцсэн шатахуун авах боломж бүрдэнэ

"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн.

Энэ хүрээнд агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үүднээс манай улсын төрийн өмчит “Эрчис ойл” ХХК болон ОХУ-ын төрийн өмчит “Роснефть Аеро” компаниудын хамтарсан компани байгуулах тухай асуудал яригдсан.

Уг хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагаа газрын тосны хангамжийн салбарт өргөжиж, улмаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудал болон агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр, тасралтгүй нийлүүлэх боломж бүрдэх юм.