
Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.04.04) УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Хууль санаачлагчийн зүгээс цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хүндэтгэх, тэдний аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хууль сахиулах ажлын ухагдахуун, ёс зүйг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх онол, практикийн сургалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох талаар тусгасан талаараа онцлов.
Түүнчлэн, холбогдох журмаар зохицуулж буй хүний эрхийн хязгаарлалт, албадлага зэрэг арга хэмжээг гагцхүү хуулиар тогтоох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжоор хориглоогүй арга хэрэгслээр нийтэд мэдээ, мэдээлэл түгээх, гадаад улсад амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, олон улсын гэрээ, конвенцод тусгагдсан мендезийн зарчмаас хуульд тусгах, цагдаагийн алба хаагч ямар ч тохиолдолд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлэхээр тусгажээ.
Мөн цагдаагийн албаны удирдлагын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хууль хяналтын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг ижил төстэй байгууллагын удирдлагын бүрэн эрхийн хугацаатай ижил хугацаатай болгох, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан цагдаагийн алба хаагч эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхдээ хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ тасалдуулахгүй байх, удирдах алба хаагчийг сонгон шалгаруулах журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах замаар төрийн албаны шатлан дэвших /мерит/ зарчмыг хэрэгжүүлэх ажиллагааг шударга, ил тод, нээлттэй болгох зэрэг асуудлыг тус хуулийн төсөлд тусган боловсруулсан байна.
Хууль санаачлагч уг хуулийн төслийн талаарх Засгийн газрын өгсөн зөвлөмж, шаардлагыг хуулийн төсөлд нэмж тусган боловсруулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй, цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.