2025.04.10

С.Бямбацогт: Төмөр замаа бариад л байвал улс маань томорч, амьдрал сайжрах тул ажлаа эрчимжүүлье

УИХ-ын чуулганы /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэж ярьдаг. Үүнтэй адил бид төмөр замаа бариад л байвал Монгол Улс томроход, ард иргэдийн амьдрал сайжрахад, импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүн хурдан шуурхай, бага зардлаар ирж үнэ өртөг нь хямдрахад, мөн уул уурхайн бүтээгдэхүүнээ аль болох ахиу экспортолж улсын валютын нөөц нэмэгдэж төсвийн орлого бүрдэх чухал ач холбогдолтой. Иймд бид Транс-Азийн төмөр замын сүлжээнд холбогдох асуудлыг 2007 онд УИХ-аар баталсан. 2023 онд өөрчлөлт орж, Тайландад хуралдаад, Иран улсын саналаар өнөөдрийн хэлэлцэх асуудлаар орж ирж байна. Монголчууд бид өнгөрсөн 70 жилийн хугацаанд ОХУ-тай Сэлэнгийн Алтанбулаг, Сүхбаатараар, БНХАУ-тай Замын-Үүд Эрээнээр холбогддог байсан бол бидний бодлого БНХАУ-тай эхний ээлжинд 5, ОХУ-тай 3 боомтоор төмөр замаар холбогдъё, Орос Хятад Азийг холбосон ганцхан төмөр замтай байсан бол одоо 3 төмөр замтай болоход чиглээд явж байна. Энэ төмөр замууд цаашлаад Тяньжин гэсэн ганцхан боомтоор гардаг биш Жинжоу гэсэн 2 дахь боомтоор хурдан хугацаанд бараа бүтээгдэхүүнээ гаргадаг болъё, баруун талаараа Иран улсаар дамжаад Энэтхэгийн далай руу Бандарвас боомтоор гаръя гэсэн бодлогын хүрээнд хийгдэж буй ажил юм. Иймд энэ асуудлыг дэмжиж байгаа. Бид асуудлаа том харах ёстой. Орос хятадыг холбосон төмөр зам, хятад руу 5 боомттой болох гэж өчнөөн жил болдог, гацдаг биш хэлэлцээрээ батлаад цааш Тяньжинээр дамждаг биш яавал Жинжоу боомтоор бараа бүтээгдэхүүнээ гаргадаг, бүр цаашлаад хятадын европ руу гардаг урсгалтай хэрхэн холбогдох вэ, түүгээр дамжин төв Иран руу Энэтхэгийн далай руу яаж гаргах уу гэж томоор харах ёстой. Энэ тал дээр Б.Дэлгэрсайхан сайд нэлээд санаачилгатай, анхаарч ажиллаж байгаа. Төрөөс төмөр замын бодлогодоо энэ тухай оруулаад баригдаж буй төмөр замаа 5 боомтоор Хятад руу гаргахаас гадна дотооддоо бүтээн байгуулах ажлуудаа эрчимтэй дэмжмээр байна. Ингэвээс бараа бүтээгдэхүүний үнэ өртөг буурна, Тяньжин дээр бараа хэдэн сар гацахаа болино, экспортын хэмжээ нэмэгдэж, валютын нөөц нэмэгдэж, төсвийн орлого бүрдэх боломжтой. Иймээс оруулж ирж буй төслийг дэмжиж байна.