
Д.Үүрийнтуяа Монгол Улсын хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх бодлого, зорилгын төлөө хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв
Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын дэргэдэх ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүн С.Зулпхар, УИХ-ын гишүүн Л.Энхнасан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын хамтаар Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж Монгол Улсын хүний хөгжлийн асуудлаар санал солилцож, хүн амын өсөлтөд үзүүлдэг хүний хөгжлийн нөлөөлөл болон тус байгууллагын Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, судалгаа шинжилгээний ажлуудын талаар ярилцаж зохих саналуудаа илэрхийлээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хүн амын өсөлтийг дэмжих ажлын хэсгийг ахалж буйн хувиар “Манай ажлын хэсгийн гишүүд Монгол шиг цөөн хүн амтай улс хүн амынхаа бодлогыг үндэсний аюулгүй байдлын түвшинд анхаарах учиртай гэсэн нэг байр суурьтай байгаа. Гэхдээ өсөлтийг бий болгохын тулд түүнд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдэд онцгой анхаарах ёстойн учир та бүхний хийж байгаа судалгаа шинжилгээ, мэдээлэл датаг түшиглэн Монгол Улсынхаа хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх бодлого, зорилгын төлөө хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн байр сууриа илэрхийллээ.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска хамтран ажиллах хүсэл сонирхол дүүрэн байгаагаа илэрхийлээд “Хүн амынхаа бодлогыг үндэсний аюулгүй байдлын түвшинд анхаарах учиртай гэсэн таны байр суурийг бид бүрэн дэмжиж байна. Хүн амын өсөлтөд нөлөөлдөг нэг гол хүчин зүйл болох хүний хөгжлийн асуудлыг бид бүхэн хариуцан ажиллаж байна. Хүний хөгжил өөрөө эрүүл мэнд, орлого, боловсрол гэсэн үндсэн гурван хүчин зүйлээс хамаардаг учир бид энэ тал дээр олон талын судалгаа шинжилгээ хийсэн. Энэ туршлага, мэдлэг, мэдээллээсээ та бүхэнтэй хуваалцаж хүн амаа өсгөх Монгол Улсын бодлогыг бүх талаар дэмжин ажиллахдаа таатай байх болно” гэдгээ уламжиллаа.
Уулзалтын үеэр ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүн С.Зулпхар, УИХ-ын гишүүн Л.Энхнасан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нар хүний хөгжилд суурилсан хүн амын өсөлтийн талаар байр сууриа илэрхийлж хатагтай Матилда Димовскатай санал бодлоо солилцов.