
2025.04.12
Өмгөөлөгчийн шалгалтад орохдоо ажлаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагагүй боллоо
УИХ-ын чуулганы /2025.04.11/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд, олонхын дэмжлэгээр батлагдлаа.
Тодруулбал, Байнгын хорооноос Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх санал дэмжигдлээ. Дараа нь хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 80.7 хувиар саналаар дэмжигдэж, хуулийн төсөл батлагдлаа.