“Дотуур байр 2.0” сэдвийн хүрээнд үндэсний бодлогын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2025.04.10

“Дотуур байр 2.0” сэдвийн хүрээнд үндэсний бодлогын зөвлөгөөн зохион байгуулагдлаа

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Боловсролын ерөнхий газар, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Хил хязгааргүй хуульчид” НҮТББ, Өмгөөллийн “Легал гайд” хуулийн фирм болон “Gogo.mn” сайт нар хамтран зохион байгуулсан “Дотуур байр 2.0” үндэсний бодлогын зөвлөгөөнд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан оролцож санал, байр сууриа танилцууллаа.

Тус зөвлөгөөн нь өмнөх 2 удаагийн үндэсний зөвлөгөөний үр дүнг эргэцүүлэх, цаашид дотуур байран дахь хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулахын тулд хүүхдийн асрамж халамжийн асуудлыг цогцоор нь өөрчлөх бодлогын шийдлийг боловсруулах, салбар хоорондын зөвшилцөлд чиглэсэн.

Тус хэлэлцүүлэгт "Дотуур байр дахь хүүхдийн эрх, хамгааллын асуудал: Иргэний нийгмийн нөлөөллийн үр дүн" сэдвээр Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Я.Мөнхчимэг, “Дотуур байрны хөгжил, хамгааллын асуудал” судалгааны үр дүн сэдвээр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхбаяр ЕБС-ын Дотуур байрны орчин, үйлчилгээг сайжруулах арга хэмжээ төлөвлөгөөний хэрэгжилт: мониторингийн үр дүн сэдвээр “Хил хязгааргүй хуульчид” ТББ-ын Зохицуулагч Н.Баясгалан, "Хүүхдийн цогц хөгжил" сэдвээр Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга С.Амгалан, “Дотуур байр дахь хүүхдийн асран хамгааллын эрх зүйн зохицуулалт" сэдвээр “Өмгөөллийн Легал гайд” хуулийн фирмийн Гүйцэтгэх захирал Ч.Отгонбаатар нар мэдээлэл өгсөн.

Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлдээ дотуур байрны асуудлыг хөндөж, УИХ-аас уг илтгэлийн мөрөөр 35 дугаар тогтоолыг баталж, стандартын шаардлага хангахгүй байгаа дотуур байрыг шинэчлэх асуудлыг үе шаттай шийдвэрлэх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан ч хэрэгжилт хангалтгүй байна.

Комиссын гишүүн Ж.Хунан Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж гарах ёстой журам стандартууд одоо болтол батлагдаагүй байгааг хэлэлцүүлгийн үеэр дурьдаад дотуур байр төдийгүй хүүхдийн эрхийн асуудалд хандлагын өөрчлөлт хийх, хүүхдийн дээд ашиг сонирхолыг нэн түрүүнд тавих, “нэгдүгээрт хүүхэд” зарчмыг бүх түвшинд таниулах, бодитоор хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэж, хүн бүр хүүхэд хамгаалагч байхыг уриалав.

Ташрамд дурдахад, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд дурдсанаар, 2021-2022 онд улсын хэмжээнд нийт 548 дотуур байранд 34,546 хүүхэд амьдарч байна. Үүнээс нийслэлд 20, аймгийн төвд 50, сумын төвд 418, багийн төвд 60 дотуур байр байгаа нь сум орон нутагт уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэгтэй холбогдуулан малчин өрхийн хүүхдүүд дотуур байранд зонхилон амьдарч байгааг харуулж байна.

Эдгээр 548 дотуур байраас 489 нь стандартын, 59 нь стандартын бус байсан бол 2022-2023 оны хичээлийн жилд 532 байрыг дотуур байрын зориулалтаар ашиглаж байгаагаас 477 нь стандартын, 55 нь стандартын бус байна. 2022 оны 12 дугаар сарын байдлаар, 1950-1969 оны хооронд ашиглалтад орсон 28 дотуур байр, 1970-1989 оны хооронд ашиглалтад орсон 292 дотуур байр байна.

ХЭҮК-ын хяналт шалгалтад хамрагдсан 79 дотуур байраас Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглахыг хориглосон 4 дотуур байр байна. Үүнээс 2 дотуур байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж байсан хуучин барилгад шилжүүлж, 2 дотуур байрыг ашиглахыг хориглосон байхад үргэлжлүүлэн ашиглаж байна.

Хэдийгээр ЕБС-ийн дотуур байрын орчин, үйл ажиллагаатай холбоотой стандарт, шаардлагууд батлагдан мөрдөгдөж байгаа боловч ХЭҮК-т ирж байгаа гомдол, мэдээлэл, Комиссоос хийсэн хяналт шалгалт, үнэлгээ, дүн шинжилгээ, судалгааны ажил, цагдаагийн байгууллагын болон Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн мэдээллээр ЕБС-ийн дотуур байранд гэмт хэрэг, зөрчил гарсаар байгаа нь анхаарал хандуулж зохих арга хэмжээ авах шаардлагатайг илтгэж байна. Түүнчлэн сургуулийн дотуур байрын хүрэлцээ муу, орчин нөхцөлийн зохистой байх шаардлага хангаагүй, үе тэнгийн дарамт, хүчирхийлэл тохиолддог зэрэг нь шийдвэрлэвэл зохих үндсэн асуудал болсон гэж судлаачид дүгнэсэн байдаг.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан