
Ж.Золжаргал: Татвар, шимтгэлийн дарамтыг бууруулахгүй бол ажиллах хүчингүй болно
Технологи, инновацад суурилсан энэ цаг үед улс орнуудын эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зүйлсийн нэг нь гарааны бизнес хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.
Гарааны бизнес гэдэг нь өвөрмөц санаа, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ дээр суурилан хэрэглэгчдэд бодит үнэ цэнэ хүргэх зорилготой шинэ компаниуд юм. Тэдний гол онцлог нь шинэ санаа, хурд, уян хатан байдал, тасралтгүй хөгжих эрмэлзэл бөгөөд эдгээр нь эдийн засгийн олон тулгамдсан асуудлыг шийдэх гарц болдог. Бидний сайн мэдэх Facebook, Amazon, Netflix, Google зэрэг дэлхийд нэр хүндтэй компаниуд бүгд гарааны бизнес байдлаар эхэлж, өнөөдөр олон сая хүний амьдралд нөлөө үзүүлж буй томоохон корпорац болсон юм.
Тиймээс өрсөлдөх чадвартай дотоодын гарааны бизнесүүдийг төр засгаас бодлогын түвшинд дэмжих нь чухал ач холбогдолтой аж. Үүнд:
Гарааны бизнесүүд шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлснээр уламжлалт эдийн засагт шинэ салбаруудыг бий болгодог.
Эхэндээ цөөн ажилтантай ч амжилттай хөгжсөн гарааны бизнесүүд олон зуун, мянган ажлын байр бий болгох чадвартай.
Шинэлэг санааг амьдралд хэрэгжүүлэхийн тулд гарааны бизнесүүд байнга судалгаа шинжилгээ хийж, технологи бүтээж байдаг.
Амжилттай гарааны бизнесүүд нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, гадаадын хөрөнгө оруулалт оруулах боломжийг бүрдүүлдэг.
Тиймээс төр, хувийн хэвшил нь гарааны бизнесийг дэмжихэд хамтарч ажиллах шаардлагатайг мэргэжилтнүүд онцоллоо. Өнөөдөр жижиг мэт харагдах ганц санаа маргааш дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлэх томоохон компани болж чадах юм. Тэгвэл манай улс гарааны бизнесийг хэрхэн дэмжиж, ажиллах талаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалаас тодрууллаа.
Тэрээр “Сүүлийн жилүүдэд мэдээлэл, технологийн салбарт ажиллаж буй авьяас, чадвартай залуучууд олноороо гадаад руу явж байна. Үүний гол шалтгаан нь тэд Монголдоо үлдээд хөгжих, амжилтад хүрэх боломжийг хангалттай гэж үзэхгүй байгаа явдал юм.
Ихэнх залуус шинэ санаагаар нэгдэж, гарааны бизнесээ эхлүүлдэг. Гэвч тэдэнд тулгардаг хамгийн том бэрхшээл бол татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт юм. Нийгмийн даатгалын шимтгэл, Нэмэгдсэн өртгийн албан татвар гэх мэт шууд зардлууд орлогынх нь тал хувийг авч оддог. Энэ нь бизнесээ цааш үргэлжлүүлэх боломжийг хаадаг байна. Тэгээд хэдэн жил энэ байдлаараа явж байгаад бууж өгч байгаа юм. Тийм болохоор НДШ-ийн дарамтыг бууруулна гэдэг нь агуулгаараа зөв зүйл.
Хэдийгээр гарааны бизнесүүдийг дэмжих тухай хуулиуд байгаа ч НДШ болон НӨАТ-аас чөлөөлөх заалтууд бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай ч энэ тал дээр дорвитой ажил хийгдэхгүй байгаа юм. Зүгээр ингэсгээд дэмжиж байгаа царайлаад явж байя гэх хандлага байдаг.
Хүн ажил хийж, цалин авсан нөхцөлд НДШ төлөх нь ойлгомжтой. Энэ бол нийгмийн харилцааны үндсэн зарчим. Гэвч өнөөдөр иргэдийн олж буй бүхий л орлогоос цалин, урамшуулал, гэрээт ажил, түрээсийн орлого гээд бүх зүйлээс НДШ авах гэж байгаа нь уг шимтгэлийн суурь зорилгоос хазайж, татварын хэлбэрт шилжсэн гэж хэлж болно. Энэ нь шударга бус байдлыг бий болгож, аж ахуйн нэгжүүдэд, ажилтнуудад хэтэрхий их дарамт учруулж байна.
Нарийн мэргэжилтэй, өндөр чадвартай залуучууд өндөр цалин авах боломж хайж байна. Байгууллага нь ч тэдэнд өндөр цалин өгөх хүсэлтэй байдаг. Гэвч цалин нэмэх бүрд НДШ-ийн дарамт дагаж ирдэг тул цалинг нь бодитоор нэмэх боломжгүй болж, зарим байгууллага нь зохиомол тооцоо хийхэд хүрдэг. Тиймээс энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй.
НДШ төлөх дээд хязгаарыг ажил олгогч болон ажилтны хувьд аль аль талд нь шударга, уян хатан байдлаар шинэчлэх шаардлагатай. Хэрвээ энэ төрлийн дарамтыг бууруулахгүй бол Монголд ажиллаж, амьдрах орчин улам л хүнд болж, авьяас чадвартай иргэд нь гадаадад боломж хайсаар байх болно. Төсөв нь л томроод, татвараа л цуглуулахаа бодоод байдаг. Гэвч ажиллах хүчин багасаад байвал манай улс эдийн засгийн л мухардал руу орно" гэв.