Ж.Золжаргал: Инновацийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт гарлаа
2025.04.15

Ж.Золжаргал: Инновацийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт гарлаа

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны /2025.04.15/-ны өдрийн хуралдаанаар Инновацийн тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээг хэлэлцсэн юм. Энэхүү үнэлгээний талаар УИХ-ын гишүүн ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал дараах мэдээллийг өглөө.

Инновацийн тухай хууль бол шинжлэх ухаан технологийн шинэ мэдлэгийг амьдралд нэвтрүүлж, энэ нь эдийн засгийн өгөөжөө өгөх том тогтолцоог ажиллуулах ёстой хууль.  Инновацийн тухай бие даасан хууль  2012 онд батлагдсан. Харамсалтай нь хэрэгжилт хангалтгүй гэдэг дүгнэлт гарлаа.  Өнгөрсөн хугацаанд хэрэгжилтийн үнэлэлт дүгнэлт огт хийгдээгүй байна. Энэ хууль хангалтгүй байгаа хэд, хэдэн шалтгаан байна.

Нэг,

Монгол Улс инновацийг хөгжүүлэх тогтолцоонд 2020 он хүртэл нэг ч төгрөгийн санхүүжилт тавиагүй. Хуулийг дагаж мөрдөх журам ч батлагдаагүй явж ирсэн. Санхүүжилтийн эх үүсвэр байхгүй. Уг нь хуульд том зорилго тавьж, санхүүжилттэй холбоотой инновацийн сантай холбоотой заалт байсныг нэмэлт өөрчлөлтөөр хасчихсан байх жишээтэй.

Хоёрт,

Монгол Улс 2017-2025 шинжлэх ухааны салбарт зарцуулах зардлыг ДНБ-ны 2.5%-д хүргэнэ гэж зорьсон ч одоогийн харьцаа 0.2% байна. Хуулиудыг дагалдах хуулиудын өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж салбарын хүмүүс санал тавьж байна.

Гурав,

Шинжлэх ухаан, технологи, инновацийг дэмжсэн  бодлогын баримт бичгүүд нь 2021 онд Хууль тогтоомжийн тухай хуулиар хүчингүй болсон. Үүнээс хойш  шинэ зохицуулалтаар дунд хугацааны хөтөлбөрүүд гарч ирэх ёстой ч энэ нь хийгдээгүй орхигдсон. Нэг үгээр хэлбэл Инновацийн тухай гоё хууль гаргаад үүнийгээ мартсан.Монгол Улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх дунд болон богино хугацааны бодлогын баримт бичиг байхгүй байна.

Өнгөрсөн жил Шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гаргаад өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүйтэй адил. Хууль гаргаж, гоё зорилт тавьж, дүрэмддэг ийм хандлага байна.  Үүнийг цэгцлэх шаардлагатай. Шинэ технологийг монголд нутагшуулах "сэндбоксын" эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг УИХ-аас гарсан. Шинжлэх ухааны паркийн тухай хуулийг боловсруулж батална гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орчихсон.  Ийм учраас хууль хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлага гарч ирж байна.

Мөн инновацийн төрийн захиргааны төв байгууллагыг хэн нь хариуцах вэ гэдэг асуудлыг тодорхой болгох ёстой.

Хуучин  боловсролын яам, их дээд сургууль нь дэргэдээ инновацаа хөгжүүлээд явдаг ийм тогтолцоотой байсан. Одоо Боловсролын яаман дээр их дээд сургуулиуд нь байна. Шинжлэх ухаан нь Эдийн засаг хөгжлийн яаман дээр байна. Цахим хөгжил,инноваци харилцааны холбооны яам дээр инновацийн бодлого байгаа.Ингээд гурав салчихсан гурван толгойтой энэ асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Иймээс  эрх зүйн орчноо нэгтгэж, шинэчлэхээс гадна хаана инновацийн асуудлыг хариуцаж авч вэ гэдэг Засгийн газрын бүтцийн асуудлыг ярих нь зүйтэй гэдэг дүгнэлт эхний удаа гарлаа. Технологи, инновацтай холбоотой хэрэгждэггүй олон хуулийг нэгтгэх болон хариуцах төрийн захиргааны төв байгууллагын асуудлыг ИЦББХ, БСШУСБХ хамтран хэлэлцэнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn