Цахилгаан халаагуурт шилжсэн гэр хорооллын өрхүүд 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авна
2025.04.16

Цахилгаан халаагуурт шилжсэн гэр хорооллын өрхүүд 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авна

Гэр хорооллын нэг өрх 900 мянган төгрөг хүртэл урамшуулал авах талаар Хотын дарга Х.Нямбаатраас тодрууллаа.

Тэрбээр "Улаанбаатар хотын агаарын бохирдол хэд хэдэн эх үүсвэрээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 57 хувийг гэр хорооллын айл өрхийн хатуу түлш буюу нүүрсний утаанаас үүсэж байна. 29 орчим хувь нь бидний өдөр тутамд хөдөлгөөнд оролцож байгаа 500 мянган тээврийн хэрэгслийн яндангаас гарч байгаа утаанаас үүсэлтэй байна. Үлдсэн 10 орчим хувийг дунд оврын уурын зуух, нам даралтын зуухнууд бүрдүүлж байна гэдэг статистик гарсан.

Тэгэхээр хамгийн том агаарын бохирдол үзүүлж байгаа зүйл нь гэр хорооллын айл өрх. Улс орнууд агаарын бохирдлоо шийдэхдээ орон сууцжуулах, хийн түлш рүү шилжсэн. Мөн цахилгаан халаалтын систем рүү шилжиж орсон байдаг.

Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотоос эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр дотоод гадаад бонд гаргаж ажилласны үр дүнд эрчим хүчний тасалдалгүй, дутагдалгүй болж чадсан. Бид энэ ондоо дахин 300 мвт орчим эрчим хүчний шинэ үүсгүүрүүд орж ирнэ гэсэн тооцоотой ажиллаж байна. Зарим дүүргүүдийг цахилгаан халаагуур руу шилжүүлэх боломжтой байгаа. Яагаад зарим гэж байна гэхээр дамжуулах шугамын ачаалалд өргөтгөл шинэчлэл хийж чадаагүй байна. Боломжит газрууд нь нэгдүгээр хорооллын арын гэр хорооллын зарим хэсэг, 3, 4 дүгээр хорооллын арын айл өрхүүд, Чингэлтэй дүүргийн дэнжийн мянга орчмын айл өрхүүдэд зарим хэсгүүдийг цахилгаан халаагуурт шилжүүлэх 0.4 шугамын ачаалал дийлэхээр байгаа. Дийлэхгүй хэсгүүдийг газын халаагуурт шилжүүлье гэдэг тооцоотой байгаа.

Дулаанаа шийдчихсэн, дулаалгаа шийдчихсэн төхөөрөмжөө суурилуулсан айл өрхүүдэд бид есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд нийслэл Улаанбаатар хотоос энэ найман сарын хугацаанд нийт 900 мянга орчим төгрөгийн татаас өгнө" гэлээ.