2025.05.21

Д.Үүрийнтуяа: Монгол Улс хүүхдийг донор болгохыг хатуу хориглодог. энэ хатуу хориглосон заалт хааччихав!

Улсын Их хурал дахь Нийгмийн бодлогын байнгын хороо 2025.05.20-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах хууль. Нийгэмд багагүй талцал, хуваагдал, нэлээдгүй асуудлуудыг үүсгэсэн хууль, эрх зүйн орчны өөрчлөлт өнөөдөр орж ирж байна. Бид үүн дээр анхааралтай, хянамгай, хүний эрхийн талаас нь учирч болох эрсдэлүүдийг тал талаас нь харж хуулийг хийх ёстой. Учир нь их эмзэг асуудлыг зохицуулж байгаа хуулийн төсөл юм. Хуулийн төслийн 8.2 дахь заалт буюу хүүхдээс ясны хэм, захын цус авахтай холбоотой асуудал дээр тодруулах зүйл байна.

Нэгдүгээрт, насны хувьд өнөөдөр байгаа донорын хууль дээр 14 хүртэл эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 14-өөс дээш бол өөрөөс нь асуух гэдэг зүйл нэмэгдэж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар 14 хүртэл насны, өөрөө шийдвэр гаргах, зөвшөөрөл өгөх эрх мэдэлгүй эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр ясны хэм, чөмөг авхуулж байгаа, эс авхуулж байгаа хэчнээн хүүхэд байна вэ? Хоёрдугаарт, хуулийн төслийн нэр томьёоны тодорхойлолт дээр хүйн цус гэж байгаа юм. Харин хуулийн төслийн 8.2 дээр захын цус гэж байгаа. Энэ хоёр ялгаатай ойлголт уу ижил ойлголт уу? Би эрүүл мэндийн салбарын хүн биш учраас мэдэхгүй байна. Захын цус гэдэг нэг ойлголт орж ирээд нэр томьёоны тодорхойлолт дээрээ ойлголт нь байхгүй байгаад байна. Энэ ямар учиртай юм бол?

Гуравдугаарт, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Донорын тухай хуулийн 18.3 дээр хүүхдээс ясны хэм, үүдэл эс, чөмөг, хүйн цуснаас бусад эд эрхтэн, эс шилжүүлэн суулгах суулгах зорилгоор авахыг хориглоно гэсэн заалт байсан. Гэтэл хуулийн шинэчилсэн найруулга дээр хориглосон заалт байхгүй харагдаад байх юм. Эсвэл би дутуу хараад байна уу. Уг нь бид хүүхдийг донор болгохыг хатуу хориглодог улс орон шүү дээ. Тэгэхээр хатуу хориглосон заалт маань хааччихав!

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан