"Бид эмэгтэйчүүд" уулзалтад оролцож, ЭМ-ийн салбар болон орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүдтэй чухал уулзалтууд хийлээ
2025.05.22

"Бид эмэгтэйчүүд" уулзалтад оролцож, ЭМ-ийн салбар болон орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүдтэй чухал уулзалтууд хийлээ

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй эмэгтэй оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт өнөөдөр /2025.05.22/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжиллээ.

Энэ өдрийн чуулганыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нээж үг хэлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд амжилттай ажиллан, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэж буй нийт манлайлагч эмэгтэйчүүддээ, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв. Энэ удаагийн чуулганд оролцсон хүндэт зочдын нэг нь Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гэргий Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, хатагтай Абэ Акиэ байлаа.

Хатагтай Абэ Акиэ, “Бид эмэгтэйчүүд” сэдэвт, орон нутаг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих анхдугаар чуулганд уригдан оролцох боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлсэн. Энэхүү чуулганыг санаачлан зохион байгуулсан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа болон халуун дотноор угтан авсан бүх хүмүүст гүн талархал илэрхийлэв.

Мөн Гэр бүлийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Эрүүл мэндийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Боловсролыг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам удирдан явуулж иргэдийн төлөөлөгчидтэй санал солилцлоо.