Б.Жаргалан: 126 гишүүнтэй ардчилсан парламентын тогтолцоондоо итгэж хонгил нураах асуудалд гишүүд бид бодит хувь нэмэр оруулж чадах уу?
УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Х.Булгантуяа нарын хуулийн төслийн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг НЭГТГЭН анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан үг хэлж, асуулт асуулаа.
Яг нэг жилийн өмнө энэ танхимд суугаа бүх гишүүд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж УИХ-ын анхдугаар чуулган хуралдсан. Табүхэнд тангаргыгсануулахыг хүсэж байна. Монгол УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлоос ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая аа. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэжээ. Жилийнхээ ой дээр УИХ-ын тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах замаар УИХ-ын хяналт хэрэгжүүлэх чиг үүргийг илүү бэхжүүлэх, бодит мэтгэлцээн өрнөж УИХ-ын бүтэц болох байнгын хороод, дэд хороод, түр хороодын зохион байгуулалт, үйл ажиллагаа, олонх цөөнхийн хяналт тэнцлийн асуудлыг сайжруулах чиглэлээр хуулийн төсөл хэлэлцэж байгаад маш их баяртай байна. Тиймээс орж ирсэн саналуудыг бүтнээр нь дэмжиж байгаа. Зарим гишүүдийн хувьд ХЗБХ-н дээр байгуулагдах Тусгай хяналтын дэд хорооны асуудалднэлээн эмзэглэж байх шиг байна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд хууль хүчний байгууллага дээр хүний эрх эрх чөлөөг дээдлэх зарчмыг сахиулан хэрэгжүүлэх эрмэлзлийг агуулж ажилласан боловч өнгөрсөн хугацаанд хуулийн хонгил гэдэг ойлголт гарч, үе үеийн улс төрчид энэ талаар ярих нь ихэссэн. Мөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн асуудлууд явж ирсэн. Энэ чиглэлээр хууль санаачилсан Х.Тэмүүжин гишүүнээс дараах зүйлийг асуумаар байна аа.
Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэх засаглал дээр ажиллаж Хууль зүйн сайдаар томилогдож байсан, Ерөнхий сайдаар томилогдож байсан хүмүүс бүгдээрээ л хонгил нураана гэж орж ирсэн. Энэ парламент үнэхээр хонгил нурааж чадах уу? 126 гишүүнтэй ардчилсан парламентын тогтолцоондоо итгэж хонгилыг нураах асуудалд бид бодитоор хувь нэмрээ оруулж чадах уу? Таны санаачилсан энэ хууль энэ үйл хэрэгт хувь нэмэр оруулж чадах уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Х.Тэмүүжин хариуллаа.
Үндсэн хууль батлагдаад 33 жил, 2008 оны 7 сарын 1-ний эмгэнэлт үйл явдал болоод 17 жил болж байна. Гэтэл бид 17 жил иргэнийхээ эрхийн төлөө хууль маш бага гаргасан. Эрх мэдэлтэн дарга төрийг эрх мэдэлтэй болох хуулийг маш ихээр үйлдвэрлэсэн. Сая УИХ-ын стратеги төлөвлөгөөгөө баталсан. Хүний эрхэд суурилсан хүн төвтэй хууль зүйн бодлогын төлөө энэ 126 гишүүн ажиллана гэж хэлсэн. ХЗБХ-ны эрхлэх асуудал 23.10.1. 23.10.2-т Хүний эрх эрх чөлөө түүний баталгааг хангахаар тусгасан. ХЗБХ-ны эрхлэх асуудал бий. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, бодлого боловсруулах прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудал, Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах асуудал түүнтэй холбоотой хууль зүйн бодлого боловсруулах ХЗБХ-ны эрхлэх асуудал гээд бий.
Гэтэл эрхлэх асуудлаараа хяналт тавьж чаддаггүй байнгын хороо яаж шийдвэр гаргах вэ? яаж асуудлыг бодитой дүгнэх вэ? Бид иргэнд зориулсан хуулийн шинэтгэл хийж чадахгүй байгаа учраас гудамжинд иргэд айдастай байгаа юм. Улс төрчид өөрсдөө хонгил ярьж байгаа. Өөр хоорондоо утсаар ярихдаа сонсоод байна. Дарга нарыг дуудахдаа 1, 2, 3 гээд бүр хочоор нь ярьж байгаа. Яг Зүүн Германы нууц цагдаа шиг хувийн мэдээллээ хуулийн байгууллагуудад шүүхийн зөвшөөрөлгүй алддаг, тэнд хууль биелж байгаа эсэхийг мэддэггүй иргэний эрх чөлөө хаана эвдэгдээд байгаа гэдэг ямар ч ойлголт байхгүй. Гэтэл гудамжинд иргэд нь хутгалуулж, зодуулж, хуулийн байгууллагад эрүү шүүлтэд өртөж байдаг. Монгол Улсын Үндсэн хууль дээр байж байгаа шүү дээ. Иргэний хамгийн чухал үндсэн эрхүүдийн нэг болох эрүү шүүлтээс ангид байх энэ эрхийг онц байдал зарласан үед ч үл хүндэтгэж болно гэсэн үндсэн хуультай.

Сэтгүүлч