2025.05.30

Б.Уянга: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль бол зөвхөн уул уурхайн төсөлтэй холбоотой хууль биш гэдгийг тодруулж хэлье!

УИХ-ын чуулганы /2025.05.30/-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Уянга:

Нөлөөллийн үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал нэгдэж байгаа. Нэгдэхгүй байгаа зүйлүүд бас байгаад байгаа. Орж ирсэн төслөөр их олон зөв, зүйтэй санаачилгууд гараад бүрэн хуулийн төсөлдөө суугаагүй гэж харж байгаа. Хэлэлцүүлэг дээр олон гишүүд аливаа төсөл хэрэгжүүлэхэд орон нутгаас, хороодоос, дүүргээс санал авахдаа зөвхөн сум дүүргийн Засаг дарга нараас хариу авъя гэсэн байдалтайхуулийн төсөл орж ирж байгаад эсэргүүцсэн дүр зурагтай байх шиг байна. Гэхдээ үүн дээр нэг зүйлийг хэлэх нь зүйтэй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай гээд хууль байгаа. Сум дүүргийн Засаг дарга нар бас өөрсдийнхөө дотоод зохион байгуулалтыг хийгээд, багийн болон хороодынхоо нэгжүүдээр холбогдох асуудлыг хэлэлцүүлээд саналыг нь авах бүрэн боломжтой ийм үүрэгтэй байгууллага.

Манай Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан үүнийг бодож энэ хуультай хуулийн уялдаа нь хангагдаж санал нь хангалттай ирчихнэ гэж үзсэн байх гэж найдаж байна. Энэ заалт 10 хоногийн дотор хариу өгнө гэдэг нь богинохон байгаад байж магадгүй. Нэгэнт хөндөгдөөд орж ирж байгаа энэ заалтыг сайжруулаад явах бүрэн боломжтой. Санал нэгдэхгүй заавал өнөөдөр чуулганы индэр дээрээс хэлэх шаардлагатай байгаа зүйл нь Байгаль орчны нөлөөллийн, нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль бол зөвхөн уул уурхайн төсөлтэй холбоотой хууль биш. Энийг бол заавал тодруулж хэлэх хэрэгтэй байна. Энэ хуулийн заалт дээр төсөл гэдгээ тодорхойлохдоо шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр үйлчилгээ, уул, уурхай, барилга байгууламж гээд энэ бүгдийг оруулж өгдөг ийм том хууль байгаа.

Жишээ нь иргэдийн хүсэлтээр байгаль орчинтой холбоотой мэдээллийг авах, ямар нэгэн үнэлгээ хийлгэх нь шинээр хуулийн төсөлд орж ирж байгаа 14.1.2 14.1.4 18.4 гээд энэ иргэдийн хүсэлтийн дагуу хийх аливаа асуудал нь, дандаа газрын хэвлийн баялгийн ашиглалт гээд уурхай руу чиглэчихсэн зохицуулалтууд ороод ирж байгаа. Үүнийг том зургаар нь бүгдээрээ харъя аа. Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС-ууд, Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал, урт төмөр зам, авто зам бүгдээрээ л байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлагатай төслүүд. Үүндээр иргэдийн саналыг яг яаж авах юм. Яг энэ шинээр орж ирж байгаа зохицуулалтууд нь газрын хэвлийн баялаг гээд уурхай руу чиглэчихсэн байгаа нь учир дутагдалтай байгаа юм.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа