Ц.Идэрбат: Цаашдаа бид тэтгэврийн зээлийн хүү, өр, авлагын тал дээр илүү санаачилгатай ажиллах хэрэгтэй!
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат
2025.06.17

Ц.Идэрбат: Цаашдаа бид тэтгэврийн зээлийн хүү, өр, авлагын тал дээр илүү санаачилгатай ажиллах хэрэгтэй!

Энэ хавар зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд өөрсдийн сонгогдсон тойрогтоо “Эргэх холбоо” хөтөлбөрийн хүрээнд ажиллах үеэр ахмадуудын гол анхаарч өгөхийг сануулсан тэтгэврийн зээлийн нөхцөлийн талаар сүүлийн хоёр сар орчим чуулган, байнгын хорооны хурлуудад хэлж ярьсан. 

Сонгогдсон тойрогтоо тухайн бүсээс сонгогдсон гишүүд ажиллах нь ажлаа тайлагнаж, ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, гаргасан хууль, тогтоолууд амьдралд хэрхэн тусаж байгааг бодитой үнэлэхэд туйлын чухал юм. 

Үүний үр дүнд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаанаа зарлаж 2025.06.12-13-ны өдрүүдэд хуралдаж өмнө нь гаргасан шийдвэрээ өөрчиллөө. Энэхүү өөрчлөлт нь ахмадуудын хүссэн хэмжээнд хүрч чадаагүй нь иргэдийн зүгээс ирүүлсэн мессеж, олон нийтийн сүлжээнд явж буй олон зуун сэтгэгдлээс тодорхой харагдаж байна. Цаашдаа бид тэтгэврийн зээлийн хүү, өр, авлагын тал дээр илүү санаачилгатай ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат хэллээ. 

 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаанаа зарлаж 2025.06.12-13-ны өдрүүдэд хуралдав

Тэрбээр, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаас гаргасан шийдвэр хэрхэн гарсан, хэзээ хэрэгжих, одоо болтол банкнууд шинэ журмаа хэрэгжүүлж эхлээгүй талаар маш олон ахмадууд асуулт тавьж байгаа тул энгийн үгээр тайлбарлав.

Чухамдаа юу өөрчлөгдчихөв? Өмнө нь Монголбанкны албан тайлбарыг мөн оруулсан. Тэтгэврийн зээлийн асуудлаар зарим тодруулга авлаа. Зарим аймгийн арилжааны банкнуудтай ч холбогдлоо. Мөнгөний бодлогын хорооны шийдвэр Монголбанкны сайтад тавигдсан бөгөөд арилжааны банкнуудад шийдвэр хүрсэн байгаа юм байна. Одоо арилжааны банкнууд өөрсдийн салбаруудад чиглэл өгөхөөр хүлээгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн өөрчлөлт нь:

 1. Өр авлагын харьцаа

Тэтгэврийн зээл олгоход дансанд заавал 470,000₮ үлддэг зохицуулалтыг цуцалж, зээл авахад өр авлагын харьцаа 50:50 хувь болгосон. Жишээ нь: 580,000₮ тэтгэвэртэй хүн хуучин: 580,000₮- 470,000₮=110,000₮ 12 сар х 110,000₮ = 1320000₮ авдаг байсан бол, Шинэ: 580,000₮:2 = 290,000₮ 12 сар х 290,000₮= 3,480,000₮ зээл авах ( үүнээс хүүний төлбөр хасагдана) 

Заавал 12 сар биш, банк зөвшилцөөд хугацаагаа нэмүүлэх боломжтой. Энэ нь бага тэтгэвэртэй ахмадуудад илүү боломж олгосон байна. 

2. Хугацаа

Хатуу хугацаа тогтоогоогүй бөгөөд тухайн банк өөрсдөө шийдэхээр тусгасан байна. Тэгэхээр хатуу 12,18,24 сарууд биш зээл авах банктайгаа ярилцаж хугацаагаа шийдэх нь. 

3.Зээлтэй хүмүүст зээл олгох

Мөн л тухайн банк шийдвэрлэх аж. 

Тэтгэврийн зээлийн нөхцөлд иргэдийн хүссэн үр дүн гараагүй ч үр дүнгээс шалтгаалж нааштай гарвал тодорч, тааруухан гарвал чимээгүй алга болохыг бодсонгүй гэдгээ УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тодотголоо.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан