УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025/06/17ны өдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл”-ийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор П.Сайнзориг гишүүний асуултад ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Соронзонболд хариуллаа.
Бизнесийн зээл олгоход барьцаа хөрөнгийн шаардлага хэт өндөр байна. Тийм учраас бол үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хөдөл хөрөнгүүдийг барьцаалах боломжуудыг нээх тал руу нь ажиллах ёстой гэдэг ийм чиглэлтэй байгаа. Монгол банк, СЗХ-ноос болон Монголын банкны холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос авсан судалгааг харахаар ихэнх улсуудад бол ЖДҮ-лэлийг дэмжих чиглэлээр тодорхой сангууд тусдаа байгуулсан. Хоёрдугаарт зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг нэлээн өргөжүүлсэн. Яг одоо тухайн улсынхаа эдийн засгийн бодлоготой нийцсэн ЖДҮ-лэлийг дэмжих нарийвчилсан бодлого явуулсан зэрэг ийм олон ажлууд явуулж байж жижиг дунд бизнесийг дэмжсэн нөгөө талдаа зээлийн хүүг бууруулах. Ийм үр дүнд бол хүрсэн байна. Бидний ажлын хэсгийн зүгээс юу гэж харж байгаа вэ гэхээр ер нь аливаа бизнес эрхлэгч зөвхөн үл хөдлөх хөрөнгөөс хамаарахгүйгээр, хөдлөх хөрөнгөө барьцаалах боломжтой байх ёстой. Мөн дээрээс нь худалдаа борлуулалттай холбоотой хийгдэж байгаа гэрээнүүдээ барьцаалж зээл авах боломжтой байх ёстой. Олон жилийн турш хийгдсэн борлуулалтын худалдан авалтынхаа түүхэн дээрээ үндэслээд зээл авах боломжтой гэх мэт ийм боломжуудыг бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ ч утгаараа бид нар зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаанд зөвхөн зээл авсан мэдээлэл биш төрийн байгууллагууд болон хувийн компаниуд хоорондын борлуулалттай холбоотой, худалдан авалттай холбоотой мэдээллүүдийг оруулж тухайн зээлдэгчийн мэдээллийг баяжуулснаараа тухайн зээлдэгч барьцаа хөрөнгөө тавихгүйгээр зээл авах боломжийг бүрдүүлэх ёстой гэж бол үзэж байгаа. Малыг барьцаалж байгаа асуудал бол бас л байж болохгүй биш байх ёстой боломжтой зүйл. Харин Монгол Улсын банкны системд үзүүлж байгаа эрсдэлийг тухайн арилжааны банк өөрөө тооцож байгаа. Байгаль цаг агаарын гэнэтийн нөхцөл байдлууд үүснэ. Энэ тохиолдолд малын индексжүүлсэн даатгалд хамрагдаж болно. Нөгөө талдаа зээлийн эрсдэлийн даатгалд хамрагдах боломж байгаа гэж харж байгаа. Зээлийн эрсдэлийн зардал дээр Монгол банк 2019 онд тухайн үеийн Засгийн газарт болохоор зээлийн эрсдэлийн зардлыг бууруулахтай холбоотой, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой Иргэний хуульд оруулах өөрчлөлт гээд нэлээн олон хуулийн төслүүдийг өргөн барьсан юм байна лээ. Өнгөрсөн 2025 он хүртэл Засгийн газраас ямар нэгэн зээлийн эрсдэлийн зардлыг бууруулахтай холбоотой хуулийн төсөл орж ирээгүй. Тийм учраас ажлын хэсгийн санал дээр бол Засгийн газраас эдгээр хуулийн төслүүдээ оруулж танилцуулаач гэдэг үүрэг чиглэлийг өгч байгаа. Нөгөө талдаа болохоор энэ эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр ажлын хэсгээс тодорхой зээлийн хүүг бууруулах багц хуулийн төслүүдийн саналыг бол оруулахаар ажиллаж байна.