УЗБЕКИСТАН УЛСЫН АРДЫН ЯЗГУУР УРЛАГИЙН “СОГДИАНА” ЧУУЛГЫН ТОГЛОЛТ БОЛЛОО
2025.06.25

УЗБЕКИСТАН УЛСЫН АРДЫН ЯЗГУУР УРЛАГИЙН “СОГДИАНА” ЧУУЛГЫН ТОГЛОЛТ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын Монгол Улсад хэрэгжүүлэх төрийн айлчлалын хүрээнд 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт “Узбекистаны Соёлын өдрүүд” гэрэл зургийн үзэсгэлэн болон урлагийн мастеруудын тоглолт боллоо.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам "Энэхүү соёлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж буй гэрэл зургийн үзэсгэлэн, үндэсний хоолны өдөрлөг, аялал жуулчлалын форум зэрэг арга хэмжээнүүдэд холбогдох салбарын төлөөлөл болон олон нийт идэвхтэй хамрагдаж, хоёр орны ард түмний ойлголцол, нөхөрлөл улам батжиж байгаад сэтгэл хангалуун байна" гэв.

Дашрамд дурдахад, Ташкентын Балетын сургуулийг монголын анхны оюутнууд болох Ардын жүжигчин О.Ганбаатар, Гавьяат жүжигчид Т.Туул, А.Навчаа, Д.Алтантуяа зэрэг 14 оюутан 1962 онд төгсөн ирж, эх орныхоо балетын салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан түүхтэй. 

Узбекистан Улсын алдарт үндэсний хөгжмийн “Согдиана” чуулга тоглолтын хөтөлбөртөө “Би Монгол хүн”, “Монголын үнэртэй салхи”, “Сэрсэн тал”, “Жалам хар” зэрэг Монголын орчин цагийн хөгжмийн сор болсон бүтээлүүдийг оруулсан нь онцлог байлаа.