БАГАЧУУДЫН НҮДЭНД АЗ ЖАРГАЛЫН ГАЛ АСЧ, ҮЗЭГЧДИЙН АЛГА ТАШИЛТ ДАХИН НИЖИГНЭЖ “АЛТАН МАНЕЖ”-ИЙГ АМЬД БОЛГОДОГ
Ч.Хатанбаатар “Bravo circus” нэгдлийн Ерөнхий продюсер, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн
2024.06.18

БАГАЧУУДЫН НҮДЭНД АЗ ЖАРГАЛЫН ГАЛ АСЧ, ҮЗЭГЧДИЙН АЛГА ТАШИЛТ ДАХИН НИЖИГНЭЖ “АЛТАН МАНЕЖ”-ИЙГ АМЬД БОЛГОДОГ

1990 оны зах зээлийн нийгмийн айхтар шуурганд монголын цирк өртөж, өнөөдөр циркийн урлаг уран бүтээлч, үзэгч, цэнхэр байшин ч үгүй болчихсон байна. Энэ бол тухайн үед циркийг удирдаж байсан хүмүүс Монголын циркийн урлагийг бүхлээр нь зоосны нүхээр харж, энэ урлагийн хөгжлийг гацааж, ирээдүйн хойчийнхоо нүд, чихийг таглан, баяр баясал, халуун инээд, алга ташилтыг тасалчихсан юм. 

Цирк бол гэр бүлийн урлаг. Гэр бүл бат бөх байх, халуун дулаан, инээд хөөр цалгиж байх, хүүхэд эцэг эхтэйгээ хамт зугаацах, гэр бүлсэг хүмүүжлээр өсөхөд хамгийн ойрхон, сайн нөлөөлөгч юм. Түүнчлэн циркийн жүжигчид гэр бүлээрээ ажилдаг, аав ээж, өвөө эмээ гээд дандаа өвлөж, удам залгаж циркчин болсон байдаг. 

Харин өнөөдөр бид хүссэн үедээ цирк үзэж, циркчид маань ч хүссэн үедээ тоглолт хийх боломжгүй болжээ. Монголын циркийн холбооны дэргэд бид “Браво” нэгдлийг байгуулж, олон улсын циркийн түвшин ямар байгааг монгол эх орондоо үзэгчдэдээ үзүүлэн, дагаад монголын цирк хөгжих, дэлхийн тавцанд од болчихсон монгол залуучуудаа эх оронд нь урьж авчраад Монголчууд, хүүхэд багачууд циркээ хүсэн үгүйлж, үзэж, алга ташин, инээд хөөрөөр цалгиж байгааг харуулах зорилготойгоор “Браво” циркээ үзэгчиддээ дөрөв дэх удаагаа зохион байгууллаа. 

 

Бид циркгүй, циркийн урлагийн хөгжлийн тухай шууд ярьж чадахгүй байдалд хүрсэн. Гэсэн ч “Bravo circus” 1, 2, 3, 4 тоглолтыг үзсэн мянга мянган үзэгч хүүхдүүдийн нүдэнд гялалзан асах аз жаргалын оч, галыг харж чадлаа. Энэ бол хамгийн том амжилт.

Монголын циркийн урлаг үүсэн хөгжөөд 84 жил болсон байна. Гэтэл монголчууд энэ урлагтай танилцсанаас хойш баруун баймгуудад цирк үзэж амжаагүй, очоогүй 84 жил өнгөрчээ. “Браво” уран бүтээлийн нэгдэл 2023 оны 09 сард Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад амжилттай тоглолоо.

Бид яагаад “Браво цирк” тоглолт хийгээд байна гэхээр үзэгчдээсээ олон жил алсран холдсон энэ урлагийг үнэнч үзэгчтэй болгох зорилго тавиад ашиг орлого харж бус үзэгчдээ татан, энэ урлагт ойртуулахын тулд үүнийг хийж байгаа юм. Одоо бид эргээд үзэгчидтэй болж, цирк хүмүүстэйгээ ойрхон боллоо. Ээж, аав нар хүүхэд багачуудаа дагуулж ирээд циркийг үзэхийг хүсдэг боллоо. Хүлээдэг боллоо. 

Цирк бол орон зайн урлаг тул орчин хэрэгтэй. Циркийн урлаг гэж яриад байна даа тэнд чинь тоглогч амьтан бөмбөрцөгт байж л циркийн урлаг болдог. Урлагийг бий болгох орчин нөхцөл нь үгүй болчихоор цирк өрөөсгөл хөгжөөд байгаа зөвхөн цирк гэдэг дөрвөн үсэг л яваад байгаа. Тэгтэл циркийн урлаг гэдэг бүтэн үг байх ёстой.

17 жилийн өмнө улсын цирк гэдэг ганц л байгууллага байлаа. Тэнд 300 гаруй уран бүтээлч, ажилчид, араатан, жигүүртэн гээд 40, 50 амьтад байсан. Гэтэл одоо монголд циркийн урлагийг 50 ширхэг компани, төрийн бус байгууллага, студиэр хэмжиж байна. Тоог харвал хөгжөөд байгаа юм шиг хэрнээ энэ өрөөсгөл яваад байна.   

Латви улсын цирк 2000 оны дундуур газрыг нь аваад зах болгочихсон одоо тэнд цирк байхгүй дараа нь Болгар газраа өгөхгүй болохоор нь шатаагаад авчихсан эдгээр улс циркээ устгачихсан жишээтэй. Гурав дахь хэн болох нь уу? бүү мэд. Гэтэл ОХУ 45 цирктэй зориулалтын байшинтай нэгийг нь ч хувьчлаагүй нэгийг нь надад өгчих өө гэсэн нэг ч циркчин гарч ирээгүй. БНХАУ-д сүүлийн 10 жил 15 том цирк баригдсан 50 улсын цирктэй. Хувийн циркүүд нь зэрэгцээд хөгжиж байгаа. Монгол Улс ч гэсэн байсан улсын циркээ устгачихгүй хөгжүүлээд явж байсан бол хувийн циркүүд ч дагаад хөгжих боломжтой. 

Циркийн урлаг ард түмнээсээ холдчихлоо шүү дээ. Үзэгч үгүй болчихсон урлаг буцаагаад үзэгчтэй болгоно гэдэг маш хүнд асуудал. Тиймээс бид эхлээд үзэгчдээ бэлдье. Үзэгчтэй болчихсон хойно бид дараа нь юунд ч хүрч болно гэж итгэн ажиллаж байгаа юм. Урлагийн хүмүүст үзэгчдийн алга ташилт хамгийн үнэ цэнтэй байдаг. Бид алга ташилтаа л эхлээд авчиръя. Монголын төлөө, хүүхэд багачуудын гэрэлт ирээдүйн төлөө цохилдог зүрхтэй хүн байх юм бол эндээс ойлгох бизээ. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn