Чингисийн энтэй эрхэм
2012.02.02

Чингисийн энтэй эрхэм

Морин дэл дээрээс дэлхийн талыг эзэлж явсан Их эзэн Чингис хаанаараа бид бахархдаг. Гэхдээ үнэндээ сүүлийн үед л ярих болсон шүү дээ. Соц нийгмийн үед түүний тухай ярих нь хориотой, чөтгөр шулам, босоо ороолон мэт л сонсогддог байлаа. Герман, Унгар, Швед зэрэг улсууд балчир хүүхдүүдээ "Ий, Чингис ирж байна шүү" хэмээн айлгадаг, бидний эцэг эх ч "Чингис" гэх үг яриандаа цухуйлгасан хүүхдээ "Чи яагаад болох, болохгүй юм яриад цадиггүй зан гаргаад байна" хэмээдэг байсан. 


Харин ардчиллын салхитай хамтдаа ирсэн Чингис хааны тухай түүхэн баримтат болон, уран сайхны кинонууд ч ар араасаа цуварсан. Гэтэл Чингисийн байгуулсан Их Монгол Улс түүхэн хөгжлийнхөө явцад унаж тусаж мөхөж, бас бадарсан нь бий. Бүдчиж, тэмтчиж байсан улсын маань хойчийн хувь заяаны төлөө тухайлбал, бидний өнөөгийн амьдралын төлөө Дамдины хүү Сүх арай илүү даацтай зүйлийг хийсэн талаарх мэдээлэл ховор байдаг нь тун харамсмаар.

Өдгөөгийн Монгол Улсыг байгуулахын төлөө идэр насаа зориулсан түүний намтар, ажил үйлсийг улс төржүүлэн харлуулж байгаа нь өнөөгийн хүмүүсийн увайгүй үйлдэл гэхээс өөр юу гэхэв. ...Дэлгэцнээ модны холтос хуулан шуудайлж байгаад данжаадад хөөгдөн шавхуурдуулж буй хүү гарна.

Тэр бол 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Маймаа хотноо Ёст бэйс Доржжавын хошууны харьяат Дамдины гэрт төрсөн Сүх хүү. Бидний мэдэх кино ший ингэсгээд л өндөрлөнө. Арвантавхан насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөнд улаа нэхэж байсан тэрээр 1911 оны өвлийн дунд cap буюу арванхоёрдугаар сард цэргийн албанд дайчлагдаж улмаар 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээхэд орж суралцан амжилттай дүүргэсэн тул жинс, тогосны отгоор шагнагдаж байсан.

1912-1918 онд цэргийн алба хаасны дараа Хужирбулангаас нийслэлд ирж хууль шастир хэвлэх газарт шилжин ажилласан байдаг. Улмаар нууц хоёр бүлгэмийн ажилд идэвхтэй оролцож хувьсгалын үйл хэргийг гартаа авсан байдаг.Ардын журамт цэргийн штабыг байгуулахад тэрээр Бүгд ерөнхийлөн захирах жанжин, Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байсан.

Хожим нь буюу 1920 оны сүүлчээр Зөвлөлт орос улстай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан ачтан. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоныг нь үнэлж Ардын эрхт Монгол Улсын анхны зоригт баатар цолоор шагнасан байдаг.

Ирээдүйн Монгол Улсын төлөө өөрийн биеийг умартан явсан тэрээр 1923 оны хоёрдугаар сарын 20-нд насан эцэслэсэн.1950-1970-аад оныхны мэддэг Жанжин Сүхбаатар энэ. Учир нь бидний багад "Унших бичиг-2" гэсэн сурах бичиг дээр түүний товч намтарт ийнхүү бичиглэсэн байдаг.Түүнийг нас барсны дараа шарил дээр нь "Монгол ард улсын бүх цэргийн жанжин агсан нөхөр Сүхбаатарыг оршуулсан газар нь энэ болох тул дурсгалын хөшөө байгуулав" гэсэн бичигтэй боржинчулуун хавтанг тавьсан нь анхны хөшөө чулуу байв.

Түүнээс хойш "Жанжин Сүхбаатар агсны гавьяа зүтгэлийг илэрхийлэн түүх дэвтэр", "Жанжин Сүхбаатар агсны гавьяаг товчлон илтгэсэн нь" зэрэг ном товхимолууд гарч байсан ч түүхийн тэр ховор бүтээлүүд өдгөө байдаг эсэх нь бас л бүдэг.1929 оны намар Зөвлөлтийн зураач К.Померанцевийн гаргасан жанжны хөшөөний төслийг НТХ сайшаан баталж уг төслийн дагуу 1930 онд Улсын төв театрын өмнөх талбайд босгосноор Улаанбаатар хотын төв талбайг "Д.Сүхбаатарын" гэж нэрлэх болжээ.

Хожим нь буюу 1946 оны хоёрдугаар дугаар сарын 23-ны НТХ-ны тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн хурлаар уран барималч С.Чоймболын гаргасан Д.Сүхбаатарын хөшөөний загварыг батлан мөн оны долоодугаар сарын 8-нд нээж байжээ.Онц суралцагсдад Д.Сүхбаатарын нэрэмжит шагнал, 1945 оны есдүгээр сарын 17-ны БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор БНМАУ-ын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонг, бий болгосон байдаг.

1953 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоолоор нам, төрийг үндэслэгч Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор бунхан байгуулах шийдвэр гаргаж Д.Сүхбаатарын шарилыг Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд барьсан Сүхбаатар, Чойбалсангийн бунханд шилжүүлэн оруулж байжээ.1963 онд МАА-ийн их бууны 120 дугаар анги, 1965 онд Монголын пионерийн байгууллага,1968 онд нийслэлийн гол гудамжийг түүний нэрэмжит болгосон түүхтэй.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.