Хятадууд Дэлхийн худалдааны байгууллагыг үл тоомсорлов
2012.02.02

Хятадууд Дэлхийн худалдааны байгууллагыг үл тоомсорлов

Хятад улс хоёр жилийн өмнөөс газрын ховор элементийн экспортоо хумих шийдвэр гаргасан нь өндөр технологийн үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болсон. Гэтэл өнгөрсөн оны сүүлчээр Бээжин ховор элементийн экспортдоо квот гаргаснаар худалдан авагчдын дунд томоохон өрсөлдөөн бий болгосон юм. Ялангуяа Япон, Өмнөд Солонгос, Финлянд, Герман зэрэг орнууд ямар ч хамаагүй үнээр квот авахаар улайрсан нь олон улсын эрдсийн худалдаанд сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ. Тиймээс Дэлхийн худалдааны байгууллагаас Хятадын Засгийн газарт онцгой анхааруулга өгсөн талаар тус байгууллагын албан ёсны цахим хуудсанд бичсэн байна.

Дэлхийн худалдааны байгууллагын журамд «Гишүүн орнууд олон улсын худалдаа, бүтээгдэхүүний үнэ ханшид нөлөөлөхүйц шийдвэр, алхам хийж болохгүй. Ялангуяа эрдэс, түүхий эдийн худалдаанд олон улсын зарчмыг мөрдөж ажиллах ёстой" гэж заасан байдаг аж. Харин хятадуудын эл шийдвэр дээрх зарчмыг шууд зөрчсөн үйлдэл болжээ.

Газрын ховор элемент буюу сканди, лантани, эрби, тулуй, терби зэргээс бүрдсэн 17 металлын ханш өдгөө дэлхийн зах зээл дээр «галзуурч" байгаа гэхэд болно. Энэ нь Хятадын бодлогоос шууд хамаарч буй аж. Энэ талаарх гишүүн орнууд Дэлхийн худалдааны байгууллагад удаа дараа гомдол гаргажээ. Тухайлбал АНУ, Мексик, Европын холбооны орнууд «Хятад журмыг байнга зөрчдөг. Ганц ховор элементийн асуудлаар ч биш, бусад түүхий эдийн худалдаанд монополь эрх тогтоохыг эрмэлзэж байна. Түүнчлэн коксжих нүүрс, хөнгөн цагаан, зэс хайлуулах үйлдвэрлэлийг хэдийнэ гартаа атгасан. Өдгөө коксжих нүүрсний хамгийн тос эх сурвалжтай (Монголтой) айлсаж байгаа учраас бусад орон санаа зовж байна" хэмээн мэдэгджээ.

Харин Хятадын Засгийн газар энэ анхааруулгад тэгтлээ ач холбогдол өгөлгүй, бодлогоо үргэлжлүүлсээр байгаа юм. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао «Энэ бол байгалийн нөөцийг үр ашигтай, зөв хэрэглэх тухай асуудал. Монополийн талаар бид өөр бодолтой байна. Газрын ховор элементийг манайхаас гадна олон орон экспортолж байгаа. Олон улсын зах зээлд бий болсон үнийн шуурга Хятадаас шууд хамаарна гэдэгтэй бид санал нийлэхгүй" хэмээн мэдэгдсэн байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.