Дэлхий тэнхлэгээсээ хазайх нь их хүйтрэлийг авчирна
2012.02.07

Дэлхий тэнхлэгээсээ хазайх нь их хүйтрэлийг авчирна

Чухам ямар үзэгдэл дэлхийн уур амьсгалыг өөрчилж болох талаар эрдэмтэд олон жилийн турш маргалдаж байгаа билээ. Тэдний зарим нь хүлэмжийн хий их хэмжээгээр хаягдаж байгаагийн улмаас дэлхий дээр дулаарал явагдаж байна гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь нарны дэлбэрэлттэй холбон тайлбарладаг. 


Өөр нэгэн хувилбараар бол, уур амьсгалын өөрчлөлт нь манай гарагийн эргэлтийн тэнхлэг өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Харин эрдэмтэд сүүлийн хувилбарыг судалж үзээд тэнхлэгийн бага хэмжээний өөрчлөлт нь бүр энэ зуунд мөстөлтийн үеийг эхлүүлж болохыг тогтоосон тухай «Daily Mail» сонинд бичжээ.Харвардын их сургуулийн профессор Питер Хьюберс янз бүрийн үзэгдлийг загварчлахын тулд компьютерын модель ашиглан чухам дэлхийн тэнхлэгийн налуу нь дээрх үзэгдлийн гол шалтгаан болохыг нотолсон байна. «Бид одоо үүнийг 99 хувийн итгэлтэйгээр нотолж чадна» гэж тэрбээр ярьжээ. Түүний нээлтийг дэлхийн цаг уурын өөрчлөлтийг урьдчилан таамаглахад ашиглаж болох аж.

Дэлхий хоёр мөчлөгтэйгээр хөдөлдөг бөгөөд эхнийх нь 10 мянган жил үргэлжилдэг бол хоёр дахь нь 40 мянга орчим жилийн хугацаанд үргэлжилдэг байна. Эдгээр мөчлөгийн аль нэг нь эхлэх үед мөсөн давхарга хайлж эхэлдэг бол дараа нь эсрэгээрээ хүйтэрдэг байна. Эдгээр мөчлөг нь мөстөлтийн үеийн давтамжийг бий болгодог гол хүчин зүйл байж магадгүй гэдгийг Сербийн газарзүйн физикч Милютин Миланкович 19 дүгээр зууны эхний хагаст таамаглаж байжээ.Түүний сацуу эдгээр мөчлөг нь дэлхийн уур амьсгалд нөлөөлж буй цорын ганц хүчин зүйл биш болохыг профессор Хьюбертс дурдсан байна. Агаар мандалд хүлэмжийн хий их хэмжээгээр хаягдаж байгаа нь ч мөсөн уул хайлахад нөлөөлж байгаа.

Үүнтэй ижил дүгнэлтийг Оросын геологич Владимир Полеванов хийжээ. «Антарктидын мөсөн давхаргыг судлахад дулаарал болон мөстөлтийн үе ээлжлэн солигддог болох нь харагдсан. Сүүлийн 450 мянган жилийн хугацаанд уур амьсгалын 6 мөчлөг солигдсон бөгөөд бид мөстөлт хоорондын үеийн төгсгөл хэсэгт амьдарч байгаа ба «их хүйтрэлтийн үе» рүү орж байгаа» гэж тэрбээр ярьсан байна. Түүний хэлснээр «их хүйтрэлтийн үе» нь ойрын арван жилийн хугацаанд эхлэх ажээ.Өнгөрсөн оны гуравдугаар сард Японд хүчтэй газар хөдөлсөн нь мөстөлтийн шинэ үе эхлэх гол хүчин зүйл болсон гэж газарзүйн физикчид өмнө нь таамаглаж байсан юм. Байгалийн гамшгий дараа Номхон далайн доорх газрын царцдас хооронд 400 км орчим өргөн ангал үүссэн бөгөөд энэ ангалд дэлхийн царцдасын ихэнх хэсэг нуран унасан гэж онолын физикч Мичио Каку хэлжээ. Үүний улмаас хоногийн үргэлжлэх хугацаа богиносноос гадна дэлхийн тэнхлэг хазайж, манай гарагийн эргэлтийн хурд нэмэгдсэн байна.

Японы газар хөдлөлт нь наран дээрх томоохон дэлбэрэлттэй холбоотой гэсэн таамгийг Оросын эрдэмтэд дэвшүүлжээ. Тэдний үзэж байгаагаар, нарны идэвхжил нь дэлхийн царцдас дотор болж буй үйл явцад нөлөөлдөг байна. Харин Жорж Мейсоны их сургуулийн эрдэмтэн Роберт Эрлихийн үзэж буйгаар, дэлхийн тойрог зам болон тэнхлэгийн өөрчлөлт бус харин нарны идэвхжлийн хэлбэлзэл мөстөлтийн үеийг эхлүүлдэг ажээ.

Хүн төрөлхтөнд үе үе аюултай соронзон шуурга илгээдэг нар нь үүнээс ч илүү хор уршиг тарьдаг байна. Нарны цөм дотор 100 мянган жилийн хугацаанд түүний цацрагийн түвшинг ихэсгэж, багасгаж байдаг асаагуур маягийн зүйл байдаг бөгөөд энэ нь эргэн тойрондоо байгаа гарагуудыг халааж, хөргөж байдаг гэж профессор Эрлих таамаглаж байгаа аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.