Нэрийн дансаараа орон сууцны зээлд хамрагдах боломжтой
2012.03.19

Нэрийн дансаараа орон сууцны зээлд хамрагдах боломжтой

50-иад жилийн өмнөх Сингапур орон өнөөгийн Сингапурыг харьцуулбал тэс өөр орчин угтах болно. Тэд балгас болсон жижигхэн байшинд амьдардаг байсан бол одоо тэнгэр баганадсан өндөр сууцанд тухалцгаадаг.

Сингапур улсын иргэдийн 90 хувь нь орон сууц эзэмшдэг бөгөөд үүний 82 хувь нь нийгмийн даатгалын хуримтлалын сангаас орон сууцны санхүүжилт авсан аж. Манай улсын хувьд агаарын бохирдол гамшгийн байдалд хүрчихсэн байгаа өнөө үед ард иргэдийг орон сууцжуулах нь нэн тэргүүний тулгамдсан асуудлын нэг болоод байгаа.

Тиймээс "100 мянган айлын орон сууц"-ны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Аливаа асуудлыг нэг гарцаар шийдэх бус олон боломжийг эрж хайх хэрэгтэй. Сингапурын нийгмийн даатгалын тогтолцоог манайд нэвтрүүлэх боломж гарц байгааг Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын мэргэжилтнүүд судалжээ. Энэ талаар НДЕГ-ын гадаад хэлтсийн дарга Б.Бат-Отгонтой ярилцлаа.

-Сингапур улсын нийгмийн даатгалын тогтолцоо гэж юу вэ?
-Тэдний хувьд нийгмийн даатгалын тогтолцоог бүрдүүлж буй хуримтлалын сан гэж бий. Хуримтлалын сангаас бүрдсэн мөнгийг хуримтлалын дансанд шилжүүлнэ. Хуримтлалын дансыг энгийн зориулалтын данс, эрүүлийг хамгаалах данс, тусгай зориулалтын дансуудад хуваарилана. Бидний яриад байгаа орон сууцны санхүүжилтийг энгийн зориулалтын данснаас санхүүжүүлдэг.

-Энгийн зориулалтын дансны хуримтлалын эх үүсвэрийг хаанаас бүрдүүлдэг юм бэ?
-Ажил олгогч, даатгуулагч хоёрын төлсөн шимтгэлээс бүрдүүлнэ. Сингапурт ажил олгогч 15.5 хувийг, харин даатгуулагч 20 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Нийт төлсөн 35.5 хувийн шимтгэлийн 23 хувийг энгийн зориулалтын дансанд хуримтлуулдаг. Хуримтлуулсан мөнгөө орон сууцны санхүүжилт, арилжааны даатгалын cap бүрийн шимтгэл, санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалт, боловсролд зарцуулах боломжийг иргэддээ олгодог.

-Нийгмийн даатгалын санхүүжилтээр орон сууцтай боллоо гэхэд тухайн иргэн хэрхэн зээлээ төлөх вэ?
-Хамгийн гол нь иргэн бүр ажилтай байх хэрэгтэй. Ажил хөдөлмөр эрхэлж даатгалын шимтгэлээрээ зээлээ эргэн төлнө гэсэн үг. Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын хуулиндаа олон шинэ зүйлийг оруулж байгаа. Түүний нэг нь Монгол Улсын иргэн бүрийг нас хязгаарлахгүйгээр ажил хөдөлмөртэй байлгахад чиглэсэн заалтыг оруулж өгсөн. 35-55 насны эмэгтэй, 45-65 насны эрэгтэйчүүдийг ажлын байраар ханган ажиллуулж байгаа ажил олгогчийг байгууллагын төлдөг шимтгэлээс бүрэн чөлөөлж шимтгэлийг төр хариуцан төлөх гэсэн хувилбарыг дэвшүүлсэн.

-Тэгэхээр иргэдийн хувьд нас өндөр болсон гээд ажилд гологддог зовлонгоос салах цаг ирэх нь ээ?
-Сингапурт нас ахих тусам иргэн болон ажил олгогчийн нийгмийн даатгалд төлөх шимтгэл тодорхой хэмжээгээр буурдаг. Иймээс иргэд хөгширсөн ч гэсэн ажил хийх сонирхолтой, ажил олгогчдын талаас нас зааж гадуурхах асуудал гэж байхгүй гэж хэлж болно. Манайд ч гэсэн энэ хуулийн заалт батлагдчихвал ажилд нас заах гэдэг ойлголтыг арилгаж болно.

-Ажил эрхэлж байгаа иргэн бүрийн нэрийн дансанд хуримтлагдсан хуримтлалыг тухайн иргэн хүсвэл орон сууцны зээлд зориулж болно гэсэн үгүү?
-Хуримтлалын тогтолцооны хамгийн гол асуудал нь сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад байршуулж, нэмэгдүүлэх явдал юм. Манай улсын хувьд нэрийн данс гэж яриад байгаа хэдий ч түүнд байршсан бодит мөнгө гэж байхгүй. Тэгэхээр нэрийн дансанд мөнгө байршуулах асуудлыг шийдэх шаардлагатай. Цаасан дээр буусан тоо төдий байгаа нэрийн дансны хуримтлалыг тухайн дансанд байршуулж байж дараагийн алхмыг хийнэ гэсэн үг. Хэрвээ нэрийн дансыг мөнгөжүүлчихвэл иргэн орон сууцны зээл, эрүүл мэндийн зээл, боловсролын зээлийг амархан шийдэх гарц нээгдэнэ.

-Нэрийн дансыг хэрхэн мөнгөжүүлэх вэ. Гарц нь юу байж болох вэ?
-Санхүүгийн эх үүсвэрийг хаанаас олж болох вэ гэдгийг судлах шаардлагатай. Манай улсын хувьд уул уурхай ашигт малтмалын орд газрын ашгаас энэхүү хуримтлалыг санхүүжүүлэх боломжтой гэж үзэж байгаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.