2010.05.11

Г.Баярсайхан: Ордны хойд цэцэрлэгт мод тарина

УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэм батлагдсан боловч Ёс зүйн дэд хорооны дүрэм батлагдахгүй өнөөг хүрэв. Хачирхалтай нь арав гаруй гишүүнтэй Ёс зүйн дэд хороо байгуулагдсан боловч гишүүдийн ёс зүйтэй холбогдсон нэг ч асуудал шийдээгүй. Энэ тухай УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас тодруулав.

-УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлагдсан боловч түүнийг хэрэгжүүлэх дэд хорооны дүрэм яагаад батлагдахгүй байна?

-Аливаа парламентад Ёс зүйн дэд хорооны даргыг цөөнхөөс сонгодог бичигдээгүй хууль байдаг. Манай намын бүлэг дээр тохирсны дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар намайг сонгохоор шийдвэрлэсэн. Энэ хугацаанд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг баталсан нь нэг том амжилт. Үүнийг Монголын парламентын төлөвшлийн нэг хэлбэр гэж ойлгох хэрэгтэй байх.

-Гэхдээ яагаад хэрэгжихгүй байна?

-УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын ёс зүйн дэд хороо өөрөө ажиллах бас дүрэмтэй байх ёстой. Энэ дүрэм нь батлагдахгүй байна.-Яагаад?-Ёс зүйн дэд хороо хуралдах шаардлага байна. Гэтэл дүрэмгүй болохоор хуралдаж ча-дахгүй байна. Нэр бүхий гишүүдэд санал, гомдол гарч байсан. Дээр нь ашиг сонирхлын зөрчил гэж том юм байдаг. Энэ нь Монголын улс төрд хамгийн том цоорхой үүсгээд байна. Алт, нүүрс, архи, тамхины компанитай гишүүд байдаг. Тэр ашиг сонирхол нь илт мэдрэгддэг.

-Та дүрэмтэй болох талаар ямар алхам хийж байна?

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр олон удаа хэлсэн. Эсвэл дүрэмтэй болох хэрэгтэй. Эсвэл татан буулгах хэрэгтэй гэж. Энэ талаар УИХ-ын даргад ч хэлсэн.-Ямар хариу авав?-Тэрээр өөрөө ёс зүйн хорооны дүрмийг санаачлагчдын нэг л дээ. ЁС зүйн дэд хорооны дүрэмд анхаарал хандуулахыг хүссэн. Ажлын хэсэг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын хэлэлцүүлэг дээр анхаарал хандуулахыг хүссэн. Ер нь ёс зүйн дэд хорооны дүрэм батлах асуудал манай гишүүдийн олонхиор шийдэх асуудал. УИХ-ын дарга, дэд дарга, ХЗ, ТББХ-ны дарга нар дэм-жиж байгаагаа илэрхийлсэн.

-Бусад оронд парламентын гишүүдийн ёс зүй ямар хэлбэрээр шийдэгддэг вэ?

-Олон оронд байнгын хороод байдаг. Жишээ нь Орос, Америк гэх мэтийн улсуудад. Харин ихэнх оронд дэд хороод байдаг юм байна.

-Та дэд хороог татан буулгана гэлээ. Тэгээд дээрдэх үү?

-Мэдээж дээрдэхгүй. Нэгэнт дэд хороо ажил-лах дүрэмгүй болохоор байсан байгаагүй хоёр ялгаагүй. Энэ тохиолдолд татан буулгана гэдэг нь нэг ёсны улс төрийн аргаар шахаж байгаа гэж ойлгож болно.

-Бусад хуулиудтай их холбоотой өөрчлөлт их гарах уу?

-Үгүй. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, ажлын хэсгийн дарга Н.Энхболд нар бусад хуулиудын өөрчлөлтийг хүлээхгүйгээр Ёс зүйн дэд хорооны дүрмийг батлах боломжтой гэж үзэж байгаа.

-Ёс зүйн дэд хорооны даргын хувьд гишүүдэд юу гэж захих вэ?

-Ёс зүйн дэд хорооны дүрэм батлагдахгүй удвал саяхан гарсан гишүүдийн маргаан Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар нарын даамжраад л байна. Тиймээс яаралтай дэд хорооны дүрмийг батлах шаардлагатай. Мөн гишүүд бие биедээ шинэ хуучин гэлтгүй хүндэтгэлтэй хандах шаардлагатай. Магадгүй хэдийгээр залуу ч гэсэн ахмадуудаас олон санал авсан гишүүд байгаа. Залуучууд нь гэсэн ахмадаасаа сургаал сонсч чаддаг байх хэрэгтэй. Эцсийн эцэст бүх гишүүд нэг л хуулиар, тэгш эрхтэй шүү дээ. Хэрэв дэд хорооны дүрэм батлагдвал түүнийөмнө бүх гишүүд тогш хариуцлага хүлээнэ.

-Ногоон байгууламжийн талаар бас та нэлээд ажиллаж байгаа гэсэн.

-Улаанбаатар хот өнөөдөр цөлжилтийн голомт болсон. Экологийн систем нь сүйрсэн гэж үзэж болно. Нийгэм ногоон байгууламжийн тухай ойлголт байхгүй болсон. Биднийг бага байхад зүлэг дээр гишгэсэн л бол таван төгрөгийн торгууль төлдөг байсан. Би торгуулж явсан. Мод хугалах нь бүү хэл, хамгаалах ёстой гэж сургадаг байсан. Хамгийн энгийн энэ асуудлыг экологийн боловсролоос эхлэх хэрэгтэй байна. Нийт хүн амд экологийн боловсрол олгох хэрэгтэй. Төр өөрөө бас буруу жишээ үзүүлээд байна.

-Ямар?

-Ордны хойд цэцэрлэгийг устгаж шинэ барилга барих гэж байна. Энэ иргэдэд болон барилгын компаниудад буруу жишээ болж байгаа юм. Яахав дараа нь эргүүлээд сэргээнэ гэж ярьж байгаа л даа. Манай ногоон бүлгээс таван сарын 14-нд ордны хойд цэцэрлэгт мод тарихаар шийдсэн.

-Хэн, хэн тарих вэ?

-Д.Энхбат, С.Оюун гишүүн бид гурав тарина. Иргэдийг оролцохыг урьж байна.

Х.БАТТӨГС

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.