ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх хугацааг сунгана
Хууль өргөн барих
2012.10.17

ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх хугацааг сунгана

 УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Засгийн газраас  боловсруулсан “Жижиг дунд үйлдвэрийн зориулалтаар импортолж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр өргөн барив. Хуулийн төсөлд  Жижиг дунд үйлдвэрийн зориулалтаар импортолж байгаа тоног төхөөрөмж,  сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх хугацаа 2012 оны 12-р сарын 31-аар дуусгавар болж байгааг 2013 оны 12-р сарын 31 хүртэл сунгахаар заасан байна.

Энэ хуулийн дагуу жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлдөг юм.  Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 66500 аж ахуйн нэгжээс 92 хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байна.

Үүнээс 80 орчим хувь нь тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх шаардлагатай гэсэн судалгаа байгаа юм байна.УИХ-ын дарга З.Энхболд хуулийн төслийг хүлээн авч УИХ-аар хэлэлцүүлэхээр зохих байнгын хороонд шилжүүлэхээ мэдэгдсэн юм.

Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Атрын 3-аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлд зориулсан тоног төхөөрөмж, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа сэлбэг, түүхий эд  туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг  хууль санаачлагч буюу Засгийн  газар татан авахаар мэдүүлсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.