2009.12.28

Шонхор экспортлохыг хоёр биш хорин жилээр ч хорьж болно

УИХ-ын чуулганы танхимд өнгөрсөн баасан гаригт шонхорын тухай яриа өрнөлөө. С.Оюун гишүүн шонхор шувуунд санаа зовниж Засгийн газрын цагаар БОАЖ-ын сайд Л.Гансүхэд тавьсан асуулгынхаа хариуг сонсов. Манай улс өнгөрсөн есөн жилд 2538 толгой идлэг шонхорыг арабын орнуудад амьдаар нь экспортлож улсын төсөвт 15.9 сая ам.долларын ашиг олжээ. Дээрх мөнгөний 20 орчим хувь нь сум, орон нутгийн төсөвт ордог байна. Монгол оронд арван зүйл шонхор байдгаас идлэг шонхор нь элбэг тархацтай учир "Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг худалдаалах тухай олон улсын конвенц"-ийн хоёрдугаар хавсралтын дагуу тодорхой тоотойгоор экспортлохыг зөвшөөрдөг байна. Энэ онд манай улс 300 идлэг шонхор экспортлож байгаа. Дээрх тооны зөвшөөрөл өгөх нь идлэг шонхрын сүргийн бүтцэд хэрхэн нөлөөлдөг, хоёр жилийн хугацаанд идлэг шонхор агнахыг хориглох шаардлага бий эсэх талаар зарим гишүүд асуулт тавив.

Г.Баярсайхан:

-Хоёроор тогтохгүй 20 жилийн хугацаанд хориглох бодол байна. Ингэж хорьж болох уу. Цахилгааны шугам шонхор шувуунд аюул учруулж байна гээд байх юм

Л.Гансүх:

-20 жил жилийн хугацаанд шонхор экспортлохыг хорьж болно. Гэхдээ эхлээд хоёр жилээр хориглож нарийн тоо толгой судлагааг нь гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа, Стандартын дагуу бариагүй цахилгааны шугамнаас болж ганцхан шонхор ч биш олон шувуу үхэж байгаа. Энэ талаар ЭБЭХЯ-нд сануулах бичиг өгч байсан.

Д.Тэрбишдагва:

-Шонхор шувуу гэдэг улс төржих бас нэг сэдэв болж байна, Шонхор нүүдлийн шувуу. Тиймээс тодорхой тоотойг эдийн засагт хөшүүрэг болгон экспортлох нь зөв байх. Нэг асуулт байна. Шонхор намар буцаад хавар ирэхдээ тоо нь цөөрдөг юм уу

Л.Гансүх:

-Нүүдлийн шувуудын хэд нь буцаж ирдэг вэ гэдгийг тогтоохын тулд шувуудад хяналтын төхөөрөмж тавих шаардлагатай болдог. Гэхдээ 5000-6000 толгой идлэг шонхор буцвал тэр тооных нь буцаж ирдэг гэх урьдчилсан тооцоо бий.

Олон нийтийн дунд шонхор шувуугаар бизнес хийж байна гэсэн ойлголт тархлаа. Тиймээс хэсэг хугацаанд шонхор агнахыг хориглож тоо толгойг нь зөв тогтоох хэрэгтэй гэж асуулгад оролцоон гишүүд онцолсон юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.