“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн гэрээ
2012.10.24

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн гэрээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2012.10.24/ хуралдаанаар Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөн мөн дэмжлээ.

Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийг боловсруулж 2012 онд 14 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм байна.

Тус төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх ажлын хүрээнд доорх ажлыг хийхээр төлөвлөжээ.

Нэгдүгээрт, нийслэлийн зарим эмнэлгийг хөгжүүлэх бодлого, стратегийн төлөвлөгөө боловсруулах, хоёрдугаарт, эмнэлгийн салбарт дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг төлөвлөх тогтолцоог бий болгохоор төлөвлөсөн байна. Түүнчлэн гуравдугаарт, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг олон төрлийн тусламж үйлчилгээтэй нэгдсэн загвар эмнэлэг болгон өөрчлөх, дөрөвдүгээрт, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх ажлуудыг тусгасан байна.

Дээрх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг Улаанбаатар хотын бусад дүүрэгт загвар эмнэлэг болох, олон төрлийн тусламж, үйлчилгээтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөхөөр тогтож, эмнэлгийн барилга байгууламжийг шинэчлэх, тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, орон тоо, хүчин чадлыг сайжруулахад дутагдаж байгаа нэмэлт 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон байна.

Төслийн хүрээнд тус эмнэлгийг загвар болохуйц олон төрлийн тусламж үйлчилгээтэй нэгдсэн эмнэлгийн загварт оруулан 300 ортой дотор, хүүхэд, төрөх эмэгтэйчүүд, мэдрэл, мэс засал-гэмтэл, халдварт, хавдар, сэтгэц зэрэг үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх, өдрийн эмчилгээний хэлбэрээр цогцоор нь үзүүлэх эмнэлэг болгон өөрчлөх юм. Сонгинохайрхан дүүргийн загвар эмнэлгийг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.

Харин “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийг хэрэгжүүлэхэд АХБ-наас Монгол Улсын Засгийн газарт 30 сая ам.долларын зээлийг олгохоор төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд гурван үндсэн асуудлыг шийдвэрлэхээр тодорхойлжээ. Цусны аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эмнэлгийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, хянах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.Энэхүү төсөл 2018 оны 12 дугаар сард хэрэгжиж дуусах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.