Ц.Баярсайхан: Нэгэнт төсөв батлагдсан учраас 7.5 хувиас илүү нэмэх бололцоогүй
Г.Адъяа: Засгийн газар алдаагаа засах байх гэж найдаж байна
-Цалин, тэтгэвэр нэмэх асуудлаар Засгийн газраас өгсөн тайлбар түүнд хангалтгүй санагджээ-
Г.Адъяа: Цалин тэтгэврийг 15-аас доошгүй хувиар нэмэх шаардлагатай.
Ц.Баярсайхан: Нэгэнт төсөв батлагдсан учраас 7.5 хувиас илүү нэмэх бололцоогүй
УИХ-ын гишүүн Г.Адъяа төсөвт байгууллагад ажиллагсдын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсны хариуг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан ирүүлжээ. Засгийн газар цалинг энэ онд 7.5 хувиар нэмэгдүүлэхээр төсвөө нэгэнт баталсан учир үүнээс илүүгээр нэмэх боломжгүй гэсэн хариуг гишүүнд өгсөн байна. 2005 онд тэтгэврийн нэмэгдэлд 9.4 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Энэ нь тэтгэврийг дунджаар 9.1 хувиар нэмэх бололцоотой гэсэн үг. 2005 оны эхэнд дундаж тэтгэврийн хэмжээ 34.3 мянган төгрөг байгаа бол оны эцэст 37.4 мянган төгрөг болж нэмэгдэх нь. Ингэснээр тэтгэврийн сангийн зардал өмнөх оныхоос 9.2хувиар, 2006 онд 22.6 хувиар өсөж, төсвийн нийт зарлагын 17 хувьд хүрэх тооцоо гарч буй юм байна. Тэтгэврийн зөрүү бүрэн арилаагүй боловч энэ онд итгэлцүүрийг шинэчлэн тогтоох санхүүгийн боломж төсөвт тун хомс байна гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын ирүүлсэн хариу бичигт тайлбарлажээ. Харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар асуулга тавьсан УИХ-ын гишүүн Г.Адъяа үүнтэй санал нийлэхгүй байна. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаас бус Ерөнхий сайдыг өөрөө УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож миний тавьсан асуулгад хариу өгөхийг хүссэн юм. Асуулга гэдэг шууд хариугаа авна гэсэн үг бас биш. Үнэ ханшийн өсөлттэй уялдуулаад цалин, тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгуулахад Засгийн газраас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байгааг асуулгадаа тавьсан. Долдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэхээр болсон нь нэг ажил боловч энэ нь үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үнийн өсөлтөөс түрүүлж нэмж байх бодлогын шинжтэй арга хэмжээ тусгагдсан. Өнгөрсөн онд инфляци 11 хувьтай байсан. Энэ онд арав гаруй хувьтай байх төлөвтэй. Ингээд үзэхээр цалин, тэтгэврийн өсөлт инфляцийн өсөлтийг гүйцэхээргүй болж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх боломжгүй боллоо.
Тэгэхээр цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг 2005 оны төсвийн тодотголын хүрээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Тэтгэврийн зөрүүг арилгах талаар арга хэмжээ авч чадсангүй. Зөрүүг арилгах аргачлалыг ч би буруу гэж үздэг. Тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэвэр тооцох итгэлцүүрийг 100 хувиар тооцсон. Үүнийг 150 болгосноор 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр бодитойгоор нэмэгдэнэ. Тэтгэврийн доод хэмжээг наад зах нь 40 мянган төгрөгт хүргэх хэрэгтэй.
-Таны хэлснээр цалин, тэтгэврийг нэмбэл төсөв даах уу?
-Бэрхшээл бийг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөгийн байдлыг харвал үнийн өсөлт арав гаруй хувьд хүрч магадгүй байна. Ингээд явбал цалин, тэтгэврийг 15-аас доошгүй хувиар нэмэх шаардлага гарна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч үнийн өсөлтөөс түрүүлүүлж цалин, тэтгэврийг нэмэх арга хэмжээ авч байх тухай зорилт бий.
-Тэгэхээр сайд Ц.Баярсайханы өгсөн хариуг хангалттай биш ээ гэж та үзэж байна уу?
-Сайдыг бүрэн хэмжээний хариу өгсөн гэж үзэхгүй байна. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхгүй байгаа учраас хариулт хангалттай биш. Алдаагаа засах талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэх байх гэж найдаж байна.
-Ерөнхий сайд таны асуулгад хариу өгөхдөө заавал УИХ-ын чуулганд оролцох ёстой юу?
-УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын хуулиар бол тийм. Ойрын үед хариугаа өгөх байлгүй дээ.