Гэрч, хохирогчийг хамгаалах хуультай болно
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль боловсруулагдаж байгаа. Удахгүй УИХ-д өргөн баригдана.
2012.11.26

Гэрч, хохирогчийг хамгаалах хуультай болно

Манай улс гэмт хэргийн гэрч, хохирогчийг тэр бүр хамгаалж чаддаггүй. Үүнээс болж гэрч, хохирогч зарим тохиолдолд гэмт хэрэгтний нөлөөнд автах, сүрдүүлэг, дарамтад өртөх нь энүүхэнд. Тиймээс өмнө нь өгсөн мэдүүлгээсээ буцах, худлаа ярих гэх мэтээр гэмт хэргийн үнэн мөнийг тогтоох ажилд саад, хүндрэл учруулах нь бий. Энэ нь олон шалтгаантай гэдгийг өнгөрсен баасан гарагт болсон "Гэрч, хохирогчийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх эрхийг хэрэгжүүлэх арга зам" сэдэвт онол, практикийн бага хурлын үеэр хуулийн байгууллагынхан, эрдэмтэн судлаач, өмгөөлөгчид хөндөж, ярилцсан юм.

Гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын хэрэгжилт ямар байгаа, тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчныг цаашид хэрхэн боловсронгуй болгоход эрдэмтэн судлаачид, холбогдох хууль хяналтын байгууллагын ажилтнуудын үзэл бодол, санал шүүмжлэл, дүгнэлтийг хууль санаачлагч болон бодлого хэрэгжүүлэгч байгууллагад хүргэхийг зорьсон гэдгээ онол, практикийн бага хурлыг зохион байгуулсан Хүний эрхийн үндэсний комисс, Монголын үндэсний их сургуулийнхан хэлж байв. Өөрөөр хэлбэл, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг шинээр санаачлан, боловсруулах ажлын хэсэгт хурлаар гаргасан санал, дүгнэлтэй хүргүүлэх аж.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрч, хохирогч гэж хэн бэ гэдгийг тодорхойлж, тусгажээ. Үүнээс үзвэл, гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэдэг бол хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэж тодорхойлсон байна. Хуулийн эл заалт бодит байдалд хэрэгжихгүй байгаа гэдгийг олон хүн шүүмжилдэг. Тухайлбал, гэмт хэрэгтэн хэргээ өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд гэрч эсвэл хохирогчид мөнгө төгрөг өгөх, нийгмийн зарим асуудлыг нь шийдвэрлэж өгөх тохиолдол байнга гардаг гэнэ.

Цаашилбал, ямар нэг дарамт, шахалт, сүрдүүлэгт өртсөн тохиолдолд хамгаалах боломж ч хязгаарлагдмал.

Тиймээс нэн түрүүнд шийдвэрлэх асуудал бол хохирогч, гэрчийг хамгаалах. Жишээ нь, сүүлийн үед шинэ төрлийн гэмт хэрэг гэж нэрлээд буй хүн худалдах, хар тамхи зэрэг гэмт хэрэгт өртсөн хохирогч бүхэл бүтэн сүлжээ, бүлэглэлийг сөрж зогсдог. Тиймээс гэрч, хохирогчийг хамгаалах нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаа гэнэ.

Үүнээс гадна гэмт хэргийн улмаас хохирсон хүний хохирлыг шүүх бүрэн барагдуулж өгдөггүй гэдгийг албаныхан олон жишээ баримтаар дэлгэсэн юм, Энэ нь ялангуяа, нэр  төр, алдар хүнд, сэтгэл санаанд учирсан хохиролд хамаатайг ч тэд онцолж байлаа, Энэ мэт эдийн бус хохирлыг хэрхэн тооцож, нөхөн олгох тухай ч хуульд тусгах аж. Гадаадын зарим улс орнуудад сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож тооцдог жишигтэй гэнэ. Манай улсад хүн нэр төр, алдар хүнд, сэтгэл санаагаар хохирсон тохиолдолд хохирлын хэмжээг хэрхэн, яаж тооцож, тогтоох жишиг, стандарт байдаггүй.

Цаашид үүнийг өөрчилж, хамгийн гол нь, монгол хүнийг үнэлэмжтэй болгох асуудлыг онол, практикийн бага хуралд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал гэрч, хохирогчийг хамгаалах өнөөгийн эрх зүйн орчны талаар ийн ярилаа.

-Өнөөдөр гэрч хохирогчийг хамгаалах асуудал хаалганы цаана байгаа шүү дээ. Мэдээллийн эх үүсвэр болгоод орхичихдог. Тухайн гэрч, хохирогч хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд ямар нэг аюул заналхийлэл, сүрдүүлэг, өс хонзонгийн шинжтэй үйлдлүүдтэй учирсан тохиолдолд хамгаалах эрх зүйн боломж бага. Түүнээс болж гэрч мэдүүлгээсээ буцах тохиолдол олон. Эсвэл би худлаа мэдүүлэг өгсөн гэж ч хэлдэг. Үүнээс болж эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гардаг. Энэ байдал нь гэрч, хохирогчийг хамгаалах нарийвчилсан зохицуулалт хэрэгтэй байгааг харуулж байна. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль боловсруулаад явж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барих байх. Энэ хуулийн төслийг уншсан л даа.

Бидний хүсч байсан зохицуулалтууд орсон байна билээ. Жишээ нь, гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах ямар механизм байдаг, тэр болгоныг оруулсан байсан. Практикаас харж байхад, ялангуяа, шинэ төрлийн гэмт хэрэг, хүн худалдах, биеэ үнэлэлт юм шиг харагдаж байгаа хэрнээ бэлгийн мөлжлөг хэлбэрээр зохион байгуулж байгаа зохион байгуулалттай гэмт хэргийн гэрч, хохирогчийн хувьд их хэцүү байдалд байдаг. Хохирогч, гэрчийн хувьд зохион байгуулалттай бүлгийг зөрж зогсч байна шүү дээ. Энэ тохиолдолд бүр нарийвчилсан тусгай зохицуулалт хэрэгтэй.

Монголын үндэсний их сургуулийн Хууль зүй удирдлагын салбар сургуулийн захирал Б.Долгорсүрэн:

-Одоо байгаа хуулиар гэрч хохирогчийг хэрхэн хамгаалдаг вэ?

Тэрч, хохирогчийг өнөөдөр огт хамгаалахгүй байна гэж хэлж болохгүй. Хохирогчийн эрхийг хамгаалах төв, ТББ болон төрийн байгууллага нь тодорхой хэмжээгээр хамгаалах үүрэпэй гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлж буйд анхаарал хандуулах цаг нь болсон. Үүнийг цаашид хэрхэн боловсронгуй болгохын тулд юу хийх шаардлагатай вэ гэдгээ ч тодорхой болгох хэрэгтэй байна.

-Гэрч, хохирогчид учирсан хохирлыг барагдуулах асуудлыг яагаад чухалчилж байгааг тайлбарлахгүй юу?

-Нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн хувьд хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэж хэлнэ гээд хуульд заасан байгаа. Эд хөрөнгийн хохирлыг тогтоох боломжтой. Гэтэл тухайн хүний сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд хохирол учирсан тохиолдолд үүнийг хэрхэн, яаж тогтоох нь маргаантай байдаг. Энэ талаар Улсын Дээд шүүхээс гаргасан тогтоол байгаа ч амьдралд хэрэгждэггүй.