С.Одонтуяа: МАН-ын гишүүд МИАТ-тай холбогдсон
УИХ дахь намын бүлгүүд Иргэний нисэхийг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогын баримтыг батлах УИХ-ын тогтоолын төсөлд анхаарлаа хандуулж буй. Иргэний нисэхийг хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлогын талаар болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа.
-Иргэний нисэхийг хөгжүүлэх бодлогын бичиг баримтад МИАТ компанийн талаар тусгасан байгаа. АН-ын бүлгийн гишүүд энэ асуудалд санал зөрүүтэй, үүнээс болж маргаан үүссэн гэж яриад байгаа?
-Миний хувьд МИАТ-ийн асуудалд ажлын хэсэгт орж ажиллаж байна. Тиймээс энэ асуудалтай холбоотой санал бодлоо илэрхийлээд байгаа юм. Байнгын хорооны хуралдаанаас МИАТ-ийг хувьчлах нь зүйтэй гэсэн санал гаргасан ч өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар дэмжигдээгүй, унасан.
МИАТ-ийг үнэ цэнэтэй болгосны дараа хувьчлалын талаар ярих хэрэгтэй.
Бүлгийн хуралдаанд мөн МИАТ-ийн хувьчлалыг одоо шийдэж яагаад болохгүй вэ гэдэг дээр өөрийн саналаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, одоо МИАТ-ийг хувьчлах цаг нь биш юм. Монголын хувьчлагдсан компаниуд алдагдалтай ажиллаж байна. Дэлхий дээр энэ асуудал маш их эрсдэл дагуулж байна. Тиймээс бид ганц байгаа энэ компаниар эрсдэл хийж болохгүй юм. Үндэсний аюулгүй байдлын талаас нь харсан ч МИАТ-ийн хувьчлалыг одоо хийх нь буруу юм. МИАТ-ийн хувьчлалд дотоодын компаниуд нь оролцоход хүндрэлтэй байгаа энэ үед гадны компанид хувьчилна гэвэл Монголдоо ганц компанийг хувьчлах нь маш их эрсдэл дагуулна. Манайхан хувьчилна гэдгийг дандаа гоё талаас нь хардаг буруу үзэлтэй. Хувьчлаад эргээд хохирол дагуулж байгаа компаниуд олон бий. Ялангуяа нийслэлд Орон сууцны контор, ТҮК, Хархираа цэвэрлэх байгууламжийн хувьчлалууд бүгд алдагдал, маргаан дагуулдаг. Тиймээс МИАТ-ийн асуудлыг одоо ярих нь буруу юм, дараа нь ярих нь зүйтэй гэж АН-ын гишүүд санал нэгдсэн.
-МИАТ-ийг хувьчилсны дараа агаарын хөлгийн парк шинэчлэлийг Засгийн газрын бондоос гаргах талаар яриа гараад байгаа?
-Үндэсний ганц компаниа бид дэмжих нь зүйтэй. Гэрээ хэлцлүүд урьдчилсан байдлаар хийгдсэн. МИАТ-д онгоц авч өгөх, үнэ цэнэтэй болгох ёстой. МИАТ-ийг үнэ цэнэтэй болгосны дараа хувьчлалын талаар ярих хэрэгтэй. Өмнө нь компанийг үнэгүйдүүлж хувьчилж байсан тохиолдол олон бий. Тиймээс бид үнэгүйдүүлж, хувьчлах гэж байж болзошгүй сэн энэ асуудалд болгоомжтой хандах нь зүйтэй юм. Мөн АН-ын гишүүдийг МИАТ-ийн хувьчлалд оролцох гэж байгаа талаар ташаа мэдээллүүд их гарч байна. Х.Баттулга сайд намын гишүүдэд тайлбар өгсөн. Түүний хэлснээр, анх “Монголиан Эйрлайнс” компанийг орон нутагт өрсөлдөөнийг бий болгож, орон нутгийн иргэдийн зорчих тасалбарын үнийг бууруулах зорилгоор дэмжиж, зөвшөөрөл өгсөн. “Бодь” группийг мөн холбоотой гэж ярьж байгаа. Гэхдээ “Монголиан Эйрлайнс” анх Голомт банкнаас зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд явцын дунд зээлээ төлөөгүй гэх зүйл байгаа болохоос хувь эзэмшиж байгаа зүйл байхгүй гэсэн. Ер нь бол МАН-ын гишүүд, МАН-ын угшилтай албан тушаалтнууд луйвар хийсэн байгаа. Үүнийгээ хаацайлах зорилгоор МИАТ-ийн хувьчлалыг хөөргөөд байгаа зүйл харагдаж байгаа.
-МИАТ-ийн мөнгө угаасан хэрэгт зөвхөн МАН-ын гишүүд холбоотой гэсэн үг үү?
-Хэн буруутай талаар нь шүүх шийдвэр гаргана. Бид тэр, энэ нам гэж ярих боломжгүй. Одоогоор холбогдсон хүмүүс нь МАН-ын угшилтай хүмүүс байгаа.
-АН-ын бүлгийн хуралдаан дээр МИАТ-ийн асуудлаар маргаан гарсан гэж байсан. Гишүүд ямар асуудал дээр маргалдсан юм бэ?
-Ер нь бид бүлгийн хуралдаан дээр чөлөөтэй мэтгэлцдэг. МИАТ-ийг хувьчлах юм бол одоогийн байдлаас менежмент, хөгжил нь сайжирна гэж гишүүд хэлж байсан. Гэхдээ энэ асуудалд гишүүд бүгд байр сууриа илэрхийлээд МИАТ-ийн хувьчлалыг хойшлуулах нь зүйтэй гэж санал нэгдсэн.
-МИАТ-ийн хувьчлалд гадаадын хөрөнгө оруулалттай компанийг оролцуулна, эсвэл зөвхөн дотоодын компанид хувьчилна гэх яриа яваад буй. АН-ын бүлгийн зүгээс ямар байр суурьтай байна вэ?
-Хувьчлалын талаар үндэсний авиа компани, гадаадын авиа компанийн аль нэгэнд нь хувьчлах талаар яригдаагүй байгаа. Энэ асуудлыг тооцоотой, судалгаатай хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайлбал, шатахууны хувьд хамгийн өндөр үнэтэйг нь МИАТ хэрэглэж байснаас алдагдалд орсон. Тэгэхээр бид шатахууныг дотоодын компаниудаас нийлүүлэх боломжгүй бол гадаадын компанид хандах шаардлага гарна. Энэ мэтээр нухацтай хандах шаардлагатай байгаа.
-Хувьчлалын асуудалд гишүүд ямар санал гаргасан бэ?
-Зарим нь хувьчилж, менежментийг нь сайжруулах, нислэг, үйлчилгээг сайжруулах ёстой, МИАТ-ийн өнөөгийн байдал нь төрийн өмчид байгаатай холбоотой. Тиймээс одоо хувьчлах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Нөгөө хэсэг нь МИАТ-ийн эргэн тойронд байгаа үйлчилгээг хувийн компаниудад хувьчилж, үндсэн МИАТ компанийг хувьчлахгүй байх нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байсан.