С.Одонтуяа: Цагаан сараар монголчууд 730 тэрбумыг зарлагдаж байна
С.Одонтуяа: Улсын Их Хурлын гишүүн
2013.01.08

С.Одонтуяа: Цагаан сараар монголчууд 730 тэрбумыг зарлагдаж байна

-Цагаан сарыг зардал чирэгдэл ихтэй тэмдэглэдгийг больё гэдэг санаачлагыг эмэгтэй гишүүд уриалаад байна. Парламент дахь эрэгтэй гишүүд хэр дэмжиж байна вэ?

-Гишүүд маань “Их зөв зүйл санаачиллаа шүү” гээд ихэд дэмжиж байна. Монгол түмэндээ хандан гаргасан сар шинийг шинэ хэлбэрээр тэмдэглэх уриалгын маань гол зорилго бол уламжлалаас хазайсан хүн болгоны гар дээр бэлэг тавьдаг тэр сэтгэхүйгээ болъё л гэж байгаа юм. 

Түүхэн уламжлалаа судлаад үзэхээр монголчууд бие биедээ цагаан сараар бэлэг өгдөг ёс заншил байгаагүй.

Түүхийн ухааны эрдэмтэн судлаачидтайгаа ч нэлээд ярилцсан. Гол нь ахмад настнуудаа хүндлэн амар мэндийг эрж, төрөл саднаа мэдэлцдэг. Ирсэн зочиддоо юу байгаагаараа дайлж цайлдаг тэр сайхан заншил л байж. Хүүхэд багачууддаа бол гарыг нь цайлгаж  боов, мөсөн чихэр өгдөг. Гол нь1950-1960-аад оны үед бараа бүтээгдэхүүн ховордоод эхэлсэн үеэс л монголчуудын дунд бэлэг дамжуулах тэр “соёл”  их дэлгэрсэн байгаа юм. Түүнээс бараагаар бие биедээ бэлэг барьж байгаагүй. Бараа өгөхгүй байлаа гээд уламжлалаа огт алдчихгүй, тиймээс бараагаар бэлэг барьдгийг болъё гэж үзсэн.

Хүмүүсээс энэ талаар санал солилцохоор “Цагаан сар бол үнэхээр сайхан баяр. Тэмдэглэх ёстой” гэдэг дээр санал нэгдэж байна. Дэлхийд байхгүй их сайхан баяр шүү дээ. Ялангуяа дэлхий дахинд даяарчлал хүчтэй явагдаж байгаа энэ үед утга агуулгыг нь жинхэнэ утгаар нь гаргаж чадвал их чухал баяр юм. Тийм учраас монголчууд маань эдийн засгийн дарамтад орохгүйгээр энэ баярыг нэг талдаа тэмдэглэчихдэг. Нөгөө талдаа уламжлалаа дагаад ахмад настнаа хүндлээд, ураг төрлөө мэдэлцчихдэг тийм сайхан баяр болгож хэвшүүлэх санаа л агуулсан юм.

-Та бүхэн цагаан сараар нэг өрх дор хаяж 200 мянган төгрөг зарлагддаг гэсэн судалгаа гаргасан байсан. Энэ баяраар монголчууд хэдий хэмжээний хөрөнгө зарлагдаад байна вэ?

-Одоогоор бол улсын хэмжээнд 730 мянга гаруй өрх бий. Орон нутгийнхан цагаан сар тэмдэглэхэд 200-500 мянган төгрөг зарлагаддаг юм байна. Хотынхон бол талийсан, 1-2 сая хүртэл төгрөг зарцуулдаг гэж ярьж байна.

Дундажлаад нэг өрхөөс нэг сая төгрөг гарч байна гээд тооцоод үзэхээр зөвхөн цагаан сар тэмдэглэхийн төлөө монголчууд хоёр гуравхан өдрийн дотор 730 тэрбум төгрөгийг зарлагдаж байгаа юм. Дээр нь цагаан сардаа бэлтгэж хэчнээн их цаг, заваа зарцуулдаг билээ. Бэлэг хадгаа цуглуулах гээд явахад л наад зах нь бензин тосны зарлага гарна.  заваа зарцуулна.

Цаг хугацаа, энэ мэт зардлуудаа тооцохоорбараг нэг их наяд төгрөг гарч байгаа байхгүй юу. Энэ бол өөрөө их мөнгө. Эндээс хэчнээн нь Эрээний наймаачдын халаас руу орж байгааг тооцоход бэрх байна. Тэр хэрээр гадаад руу л асар их мөнгө урсгаад байна. Хэрэв бид цагаан сараа тэмдэглэхдээ ядаж энэ их мөнгөө Монголдоо үлддэг байхаар зарцуулж чадвал бас учир байна. Эдийн засаг өөрөө маш их сэргэнэ. Тийм учраас бид иргэдээ үндэсний үйлдвэрлэлийн дэмжих хүрээнд бас нэлээд бодлоготой хандаач ээ гэж бас уриалаад байгаа юм.

-Өмнөх жилүүдэд цагаан сараар үндэсний бүтээгдэхүүнээр бэлэг баръя гээд санаачлагууд бас нэлээд өрнөж байсан. Гэсэн хэдий ч үндэсний бүтээгдэхүүний үнэ өмнөд хөршийнхөөс өндөр байдаг нь яах аргагүй Эрээний “эрээн” бараагаар бие биедээ бэлэг барихаас аргагүй болгодог байх. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Хуучин цагаан сараар монгол бүсгүйчүүд гадаадын даашинз өмсч гоёдог байсан бол одоо нийтээрээ шахам үндэсний дээлээ өмсдөг болж. Энэ бол сэтгэхүйн хувьд маш том дэвшил.

Хэр олон хүн монгол дээл өмсч байна тэр хэрээр дээл оёдог хүмүүст мөнгө нь очоод эдийн засаг сэргэж үндэсний үйлдвэрлэл хөл дээрээ тогтохын нэг том дохио. Тэгэхээр бэлэг гэдэг юмыг бие биедээ өгсөн ч гэсэн үндэсний мөнгөн тэмдэгт, ядаж утасны нэгж, хүнсний бүтээгдэхүүн зэргээ оруулчих юм бол болохгүй гэх зүйлгүй л дээ. Нэгэнтээ ингээд хэвшчихвэл гадаад руу гарч байгаа валютын их урсгалыг л зогсоож чадна. 

Үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үнэтэй байгаа нь бас үнэн. Бээлий, малгай зэргийг ноолуур, савхи гээд натурал зүйлээр хийж байгаа учраас үндсэндээ нэлээн үнэтэй тусдаг.  Үүнийг хүн бүхэн худалдаж аваад бие биендээ бэлэглээд байх боломж хомс. Гэхдээ л заавал ийм том бэлэглэх шаардлагагүйгээр ураг төрлөө мэдэлцээд ахмад настнуудаа хүндлээд баяраа тэмдэглэчихэд болохгүй зүйлгүй шүү дээ.

-Олон нийтийн зүгээс цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хэр их санаачлага гарч байгаа бол. Та бүхэнтэй санаа оноогоо хуваалцаж байна уу?

-Маш их санаачлага өрнөж байна. Удахгүй бид телевизээр энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

-Ургийн бичиг хөтөлье гэдэг уриалгыг хэр дэмжиж байна?

-Олон нийтээс маш их дэмжлэг хүлээж байгаа. Манай аавын найз Чоросын Бирадамба гуай “Ойрадын түүхэн зурвас” нэртэй ургийн бичгийн тухай их сайхан түүхэн, сурвалж бичиг гаргасан байсан.

Энэ сурвалж бичигт Догшин ноён Хотгойд Хара Хула –гын  “Өргөх гэрийн үеийн бичмэл” нэрээр ургийн бичгийг маш тодорхой оруулсан байдаг ба өөр олон сайхан ургийн бичгээ хөтөлсөн айлуудыг жишээ татаж болно.Энэ мэт монголчууд маань ургийн бичгээ хөтлөөд явбал хойч үед маань маш хэрэгтэй юм. Гэхдээ зарим хүмүүс бидний санаачлагыг буруу ойлгосон зөрүүтэй юм байна. 

Цагаан сарыг болиод ургийн баяр болгоё гэж ойлгоод байна. Тийм биш шүү, гол нь бид цагаан сарыг ууж идээд архидаад, дээл хувцсаараа уралдах биш зорилготой болгоё л гэж хүссэн. Ахмадындаа очиж байгаа юм чинь ургийн бичиг хөтлөх дэвтрүүд нь бэлэн байгаасай. Танайх хэдүүлээ билээ гээд ирсэн дээр нь хөтөлдөг, ураг төрлөө мэдэлцэх зүйл болгоё гээд байгаа юм. Хэвлэмэл сайхан календарь шиг зүйл байвал тэмдэглээд явдаг, үүн дээр бас уралдаан зарлачихсан. Одоо чинь интернэтээр найз нөхөд, ах дүүстэйгээ илүү холбогдоод нүүр тулж уулзах нь их ховор болсон байна шүү дээ.