“Улаанбаатар метро төсөл”-ийг ерөнхийлөгчид барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013.05.17

“Улаанбаатар метро төсөл”-ийг ерөнхийлөгчид барилаа

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Улаанбаатар метро төсөл"-ийн эцсийн тайланг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайдад тус тус өргөн барилаа. Энэхүү судалгааны ажлыг Япон улсын "ЖАЙКА" байгууллагын Улаанбаатар хотод нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлэх судалгааны баг 2011 оны есдүгээр сараас 2013 оны гуравдугаар сар хүртэл хийж гүйцэтгэжээ. Тэд НИТХ-д танилцуулж төлөөлөгчид дэмжин дээд шатны байгууллагад өргөн барьж асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон билээ.

Метро нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний гол ачааллыг үүрдэг Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урттай, 14 өртөөтэй байгуулагдана.

Улаанбаатар хотод тулгамдаж буй замын хөдөлгөөний түгжрэл, хүрээлэн буй орчны ачаалал гэх мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ёстой гэдэг үүднээс судалгааны баг ажиллаж, нийслэлийн хүн ам, нийгэм, эдийн засгийн байдал, хүрээлэн буй орчин, геологи, хөрс, хотын өнгө үзэмж, хөрөнгө оруулалт, санхүү, техник, технологи зэрэг шаардлагатай бүхий л судалгааг хийн метроны бйагууламжийн хамгийн боломжтой хувилбарыг дэвшүүлсэн байна.

Метро нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний гол ачааллыг үүрдэг Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урттай, 14 өртөөтэй байгуулагдах ба Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх хэсэг нь газар доорх, бусад хэсэг нь гүүрэн хэлбэртэй байх аж.

Метро байгуулахад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

Тэгэхдээ метроны шугамыг Улаанбаатар төмөр зам, автобус, троллейбусны маршруттай холбож, том хэмжээний авто зогсоолыг төлөвлөх зэргээр иргэдийн бүхий л төрлийн тээврээр ая тухтай зорчих, саадгүй шилжин суух мөн явганаар явах орчин нөхцөлийг хангах нийтийн тээврийн цогц сүлжээний шийдэлтэй байна гэж судалгааны тайланд тусгасан байна.

Метро байгуулахад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ба улс зөвхөн дэд бүтцээ хариуцан үйл ажиллагааг нь явуулахад дотоод, гадаадын хувийн хэвшлийн ноу-хауг ашиглан хөрөнгө оруулалт татан оновчтой хэрэгжүүлж чадвал зардлаа богино хугацаанд нөхөх боломжтой гэжээ.