Дэлхийн хэмжил зүйн өдрийн мэндчилгээ
УИХ-ын гишүүн, Шадар Сайд Д.Тэрбишдагва
2013.05.20

Дэлхийн хэмжил зүйн өдрийн мэндчилгээ

Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан салбарын нийт ажилтан, албан хаагч, үе үеийн ахмадууд болон хэмжлийн нэгдмэл байдлыг эрхэмлэгч иргэн бүрт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Олон улсын хэмжээнд хэмжил зүйн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг үнэлж, дэлхийн нийтэд олон улс, бүс нутаг, үндэсний хэмжил зүйн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан дэмжих зорилгоор 1999 онд Франц улсын Париж хотноо хуралдсан Жин ба Хэмжүүрийн хорооны 21 дүгээр Ерөнхий бага хурлаас жил бүрийн 5 дугаар сарын 20-ны өдрийг Дэлхийн хэмжил зүйн өдөр болгон зарласан цагаас эхлэн дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн билээ.

Дэлхийн даяаршил нь хил хязгаарыг үл харгалзан хүн төрөлхтнийг улам бүр харилцан шүтэлцээ, хамааралтай болгож аюулгүй эрүүл орчинд амьдрах, ядуурал, тэгш бус байдал, эдийн засгийн хямрал зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэмжлийн гүйцэтгэх үүрэг, хариуцлага нийгмийн бүх салбарт чухал байр суурь эзэлж, харилцан итгэлцлийг бий болгосоор байна.

Үндэсний үйлдвэрлэлийн болон бизнесийн таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хэрэгцээг хангах, үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэхэд хэмжил зүйн төрийн бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэн хэвшүүлэх явдал чухал байна.

Түүнчлэн олон улсын зах зээлд нэвтрэх, худалдааны саад тотгорыг арилгах, үйлдвэрлэл, үйлчилгээний өндөр технологи, био, нано, мэдээллийн технологи, шинэ арга барилыг нэвтрүүлэх, тэдгээрийг зүй зохистойгоор нийгмийн өргөн хүрээнд хэрэглэснээр шинжлэх ухааны үндэс, нийгэм эдийн засгийн хөгжлийн түлхүүр болох хэмжил зүйн тухай ойлголтыг нийгэмд улам бүр тодорхой болгох шаардлагатай байна.

Монгол Улсын Засгийн газраас хэмжил зүйн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт, ажиллагсдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг нь дэлхийн хөгжингүй улс орнуудын жишигт хүргэх, олон улсын метрийн хэлэлцээрт нэгдэх зорилт тавин ажиллаж байна.

Та бүхэн өнгөрсөн 90 жилд олсон амжилт ололтоо бататгаж улмаар шинэчлэл, өөрчлөлтийг олон улсын стандартад нийцүүлэх, боловсон хүчний чадавхиа бэхжүүлэх, хэмжил зүйн байгууллагын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагааг улам эрчимжүүлэн ажиллана гэдэгт найдаж байна.

Хэмжил зүйн байгууллагатай ажил, амьдралын мөрөө холбосон Та бүхний амьдрал тань аз жаргалаар дүүрэн байж, хэмжил зүйн салбарыг хөгжүүлэх ажил үйлс тань өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД                  Д.ТЭРБИШДАГВА