Хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?
Хүүхдийг хүчирхийллээс аврах ямар гарц байгаа бол...
2013.05.31

Хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?

Хүүхдийг хүчирхийллээс аврах ямар гарц байгаа бол. Энэ тухай хууль тогтоогч бүсгүйчүүд ингэж ярьж байна.

Д.Оюунхорол: Хүүхэд залуучуудын эрхийн төлөөх яам байгуулах ёстой

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

-Насанд хүрээгүй охид жирэмсэн болох нь элбэг байна. Тэдний цөөнгүй хэсэг нь хүчирхийлэлд автаж жирэмсэн болж байгаа нь нууц биш. Үүнийг Эрүүгийн буюу Гэмт хэргийн тухай хуульд тодорхой тусгах ёстой. Хоёрдугаарт, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж гэр бүлийн гишүүн бүрийн хариуцлагыг сайжруулах хэрэгтэй байна. Үүнийг дагаад гэр бүл төлөвлөлтийг төрөөс анхаарах зайлшгүй шаардлага бий. Өөрөөр хэлбэл, гэр бүл хөгжлийн агентлагтай болох ёстой. Би энэ асуудлыг олон удаа ярьсан. Даанч дэмжигдэхгүй юм. Юу гэхээр манай улс гэр бүл, хүүхэд, залуучуудын яамтай болвол яасан юм бэ. Дэлхийн олон оронд ийм чиглэлийн яам байна. Манай улсын нийт хүн амын 70 хүртэлх хувь 35 хүртэлх насныхан байна гээд бод. Монгол бол залуучуудын орон. Тиймээс хүүхэд залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого их системтэй цэгцтэй, залуу гэр бүлийг дэмжсэн, ээж аавыг гэр бүл болоход нь ерөнхий боловсролын сургуульд байхаас нь эхлээд бэлтгэх шаардлагатай байна.

С.Одонтуяа: Хүчирхийлэгч эцэг, эхчүүдийг ухуулах төсөв алга

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх тусгай утсыг яаралтай бий болгох ёстой. Одоогийн байдлаар хүүхдээ хүчирхийлээд байгаа тэр эцэг, эхчүүдийн сэтгэл зүйд юм хийе гэхээр улсаас баталсан нэг ч төгрөг байдаггүй. Зөвхөн хорооны цагдаа, нийгмийн ажилтан хоёрыг л ажилла гээд орхичихсон. Нөгөө хоёр нь хүч, хөлсөөс болоод хүчирдэггүй. Бодит байдалд ийм л байна. Үүнийг төрийн бодлогын анхаарлын төвд оруулъя. Дээрээс нь муу эцэг, эхийг хүүхэд асрамжлах эрхээс нь хаслаа гэхэд нөгөө хүүхдэд маань очих газар байдаггүй. Тэгэхээр ээж, аав нь хэрцгийгээр зодож байсан ч хамаагүй гэхээс өөр гарцгүй болж байгаа юм. Ер нь хүүхдийн хүмүүжлийн асуудалд хэн рүү ч буруугаа чихэж болохгүй. Хүүхдийн хүмүүжил нь бидний толь гэсэн үг. Өнөөдөр хүүхдийн эрх хохирч байна гэвэл энэ бол төр, засгийн буруу. Эцэг, эхийн буруу, бас багшийн буруу. Хүүхдийг багаас нь зөв иргэн болгож төлөвшүүлэхэд маш их хөрөнгө мөнгө зарах ёстой.

М.Батчимэг: Гэмт хэргийн хуулиар хэрцгий эцэг, эхчүүдийг хатуу шийтгэнэ

УИХ-ын гишүүн М.Батчимэг

-Хүүхдийн хүчирхийллийг бууруулах, тэмцэхэд хуулийн орчин маш муу байна. Хуулийн орчин муу байгаа учраас хүүхдийг хүчирхийлсэн нөхдийг өөгшүүлдэг, хайцаалдаг байдлыг нь даамжрахад нөлөөлж байгаа юм. Энэ утгаар Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг маш тодорхой болгон хүндрүүлсэд. Хүчирхийлэгчтэй тэмцэхийн тулд Гэмт хэргийн тухай хуулиас гадна Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх хуулийн төсөл боловсруулж байна. Энэ хууль сайн хууль болох байх гэж харж байна. Хуулийнхаа орчныг сайжруулахаар үр хүүхдээ хүчирхийлсэн, зодсон этгээдийг хатуу шийтгэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хүнийх нь хувьд хамгаалах ёстой гэсэн үг.