Д.Ганбат: Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай
Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа тэргүүтэй УИХ-ын эмэгтэй гишүүд энэ оны эхээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн есдүгээр сарын 3-ны өдрийг "Аюулгүй орчны өдөр буюу Есүгэний өдөр" болгох тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч энэ хуулийн төслийн нэрийг өөрчлөх санал гарсан гэнэ. Үүнээс болж хуулийн төслийг хойшлуулсан гэдгийг ч төсөл санаачлагчид хэлж байв.
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатаас энэ хуулийн төсөлтэй холбоотой байр суурийг нь сонирхлоо.
-УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан жил бүрийн есдүгээр сарын 3-ныг "Аюулгүй орчны өдөр буюу Есүгэний өдөр" болгох тухай хуулийн төслийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гадаадын зарим улс оронд хүний нэрээр нэрлэсэн хууль гаргадаг жишиг бий. Тэр жишгийн дагуу л хуулийн төслөө оруулж ирсэн юм билээ. Үүнийг зарим хүн ойлгохгүй байх шиг ээ.
-Монголд хүний нэрээр нэрлэсэн хууль байх ёсгүй гэсэн санал гарч байгаа. Энэ тухайд?
-Тийм яриа байгаа. Гэхдээ одоогоор энэ хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцээгүй.
-Хүүхдийн эрхийг зөрчих явдал, тэдний эсрэг гэмт хэрэг байсхийгээд л гарч нийгмийг түгшээх боллоо. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
Хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалахын тулд дэлхий нийтийн жишгийг дагах ёстой.
-Нийгэмд үнэхээр хүүхдийн эрхийн ноцтой зөрчил ар араасаа гарч байна. Үүнд, мэдээллийн ил тод байдал ч нөлөөлж байгаа байх. Хүний эрхийн талаар хэн хүнгүй ярьж байгаа нь нөлөөлж буйг үгүйсгэхгүй. Олон нийт ч үүнд анхаардаг болжээ. Хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалахын тулд бид дэлхий нийтийн жишгийг дагах ёстой.
Тухайлбал, АНУ-д 12 настай хүүхдийг гэрт ганцааранг нь орхиж болохгүй. Хүүхдээ хэрцгийгээр зодсон эцэг эхийг шийтгэдэг. Нэг үгээр хэлбэл, хүүхдэд харгис хатуу хандаж болохгүй гэсэн хууль үйлчилдэг. Тиймээс бид ч гэсэн хуулиудаа сайжруулж, эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлагатай байна.