"Хүүхдийн эрх хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийн улсын зөвлөгөөн" боллоо
2013.06.11

Хүүхэд рүү чиглэсэн төрийн бодлого үгүйлэгдэж байна

“Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийн улсын зөвлөгөөн” өчигдөр Төрийн ордонд боллоо. ХАХНХЯ-наас санаачлан зохион байгуулсан уг зөвлөгөөнд УИХ, Засгийн газрын төлөөлөл оролцсоноос гадна энэ чиглэлээр үүрэг хүлээсэн бүхий л төрийн болон ТББ- ууд оролцов.

Тухайлбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон албаны бусад хүмүүс оролцож, хүүхдийн эрх, хамгааллын талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон хууль, тогтоомж байдаг ч, хэрэгжилтэд нь зориулж улсын төсвөөс хөрөнгө мөнгө төсөвлөж өгдөггүй учраас хий хоосон, хуурай хууль болдгийг” онцолж, цаашид энэ асуудалд анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүдэд уриаллаа.

Хүн амын тал илүү хувь нь амьдарч буй Улаанбаатар хотод хүүхэд, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр ажилладаг ажилтан байдаггүй.

Түүнчлэн ХАХНХ- ын сайд С.Эрдэнэ “Хүүхдийн эрх зөрчих гэмт хэрэг далд хэлбэрээр явагддаг учраас нийгэмд газар авах шинжтэй болсныг зогсоох цаг нь болсон” гэв. Мөн хууль эрх зүйн талаар ямар ч зохицуулалт байхгүй байгаад анхаарлаа хандуулах болсныг сануулж байлаа.

Үүнээс гадна хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүтэц төрд байхгүй байгаа нь зөвлөгөөнд оролцогчдын анхаарлыг татаж байв. Учир нь, хүн амын тал илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод хүүхэд, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр ажилладаг ажилтан байдаггүй юм байна.

Энэ нь төрийн бодлого байхгүй байгааг илтгэж байгаа хэрэг гэж зөвлөгөөнд оролцогчид дүгнэсэн. Тиймээс уг зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэж, төрийн бодлогод тусгуулахаар холбогдох албан тушаалтанд нь хүргүүлэхээр болсон юм.