Нийслэлийн тулгамдсан асуудлууд гэр хорооллоос үүдэлтэй
МҮОНТВ-ийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн ярилцлагын цагийн зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцож гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
-Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор гарч ирж буй бэрхшээлтэй асуудал юу байна вэ?
-Гэр хорооллыг тохилог орон сууцны хороолол болгон шинэчлэх үйл ажиллагаанд иргэд ямар хэлбэрийн арга замыг сонгох талаар нэгдмэл байр суурьтай болж, гудамжаараа, бүлгээрээ нэгдээд хүсэлтээ нийслэлийн засаг даргын тамгын газарт тавих ажил удаашралтай байгаа.
Үүнээс болоод бид бага сургуулиа хаана байрлуулах, замаа хааш нь татах, инженерийн шугамаа гэр хорооллын аль аль гудамжинд татаж байрлуулах вэ гэдэг асуудал тодорхойгүй байдалтай болоод байна. Өөрөөр хэлбэл иргэдийн шийдвэр хоцроод байгаа.
Мөн сул талбай дээрээ инженерийн шугам тавьж, барилга байгууламж бариулна гэсэн шийдвэрээс болоод хөрөнгө оруулагчид гэр хороолол биш сул талбай руу явчих гээд байна. Тиймд чөлөөтэй талбай дээр барилга бүтээн байгуулалтын ажил явах гэж буйг өөрийн зүгээс чадах хэмжээгээрээ саатуулж байна.
-Иргэд компаниудтай өөрсдөө тохиролцож байгаа. Тэдэнд газрыг нь бага талбайтай байраар солих гэдэг ч юм уу эргэлзээ байх шиг байна. Энэ тал дээр?
-Бүх эрх мэдэл иргэдэд бий. Бага талбайтайгаар соличих гээд санаанд нь таарахгүй бол өөр компани явуулаач бид энэ хөрөнгө оруулагчийг болиулъя гэдэг шийдвэрээ л гаргачих хэрэгтэй.
Газрын эзэд болсон хашааны айл өрхүүд маань өөрсдөө л өөрийнхөө газрыг үнэлж цэгнэ.
Газрын эзэд болсон хашааны айл өрхүүд маань өөрсдөө л өөрийнхөө газрыг үнэлж цэгнэ. Тэгээд хөрөнгө оруулагчидтайгаа ярьж, газар шинэчлэн зохион байгуулахаар очиж буй тэр талтайгаа ярилцаж тохирох хэрэгтэй. Төрийн байгууллага бол оролцохгүй.
-Нийслэлийн төр захиргааны байгууллагаас гэр хороолол руу төвлөрсөн бодлого барьж байгаагийн шалтгаан юу вэ?
-Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан бүх асуудлууд гэр хорооллын нөхцөл байдлаас үүсч байгаа. Үүнийг шийдэх ердөө л цорын ганц арга зам. Бидэнд өөр ямар ч сонголт байхгүй.
Гэр хорооллоо хотын төв шиг тохижсон гудамжтай, хатуу хучилттай замтай болгоод дээр нь тохилог орон сууц, сууцны хороолол барья. Тэгэхээр гэр хорооллын иргэд маань л эрүүл тав тухтай орчинд хотын төвд амьдарч буй хүмүүс шиг нөхцөл рүү шилжвэл бүх асуудлыг цогцоор нь шийднэ.