2013.07.25

Түлэнхийн төвийн шинэ барилгын зургийг хийж дуусчээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал саяхан тус яамны харьяа 12 эрүүл мэндийн байгууллагын их засвар болон барилгын ажлын явцын мэдээлэлтэй танилцсан.

Тэрээр нийслэлд эмнэлгийн зориулалтаар баригдаж буй долоон барилгын ажил удаашралтай байгааг онцлоод, гүйцэтгэгч байгууллагуудын I төлөөлөлтэй уулзаж, ажлаа яаравчлахыг үүрэг болгосон.

Энэ дагуу Түлэнхийн төв эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ирэх сард эхлүүлэхээр болжээ. ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилга ашиглалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн удаа дараагийн шалгалтаар цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарсан юм.

Түлэнхийн төв

Зураг төсөл боловсруулах зөвлөх сонгон шалгаруулалтад “ЭЗТ” ХХК шалгарч тус яамтай гэрээ байгуулан шинээр барих барилгын зураг төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэжээ.

Одоогийн байдлаар барилгын архитектор төлөвлөлт буюу дотор гадна орон зайн төлөвлөлт, өрөө тасалгааны зохион байгуулалт, барилгын үндсэн хийц бүтэц, дотор цахилгаан, цэвэр бохир ус, халаалт салхивч, холбоо харилцаа, галын дохиоллын зургийг барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм ба дүрэм, стандартын дагуу боловсруулжээ.

Мөн бохир ус зайлуулах шугам, гадна цахилгаан, холбоо мэдээллийн зэрэг гадна шугам сүлжээний ажлуудын зарим зураг төсөл хийгдэж, хуучин барилгыг буулгах ажлын төсөв хийгдсэн байна.