Ардчилсан намаас сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалт өнөөдөр боллоо.
2013.09.05

Засгийн газар муу ажиллаагүй

Ардчилсан намаас сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалт өнөөдөр боллоо. Уг уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, АН-ын нарийн бичгийн дарга, Улстөрийн бодлогын хэлтсийн дарга Д.Анхбаяр, АН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Чулуунбилэг, нарийн бичгийн дарга Т.Мягмарсүрэн, Э.Батсуурь нар оролцож мэдээлэл хийн, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

АН-ын зүгээс сонгуулиар амласан амлалтаа хэрэгжүүлэхэд анхаарч гурван чиглэлээр ажиллах болж байгааг тус намын нарийн бичгийн дарга, Улстөрийн бодлогын хэлстийн дарга дуулгалаа. Тухайлбал, гадаад харилцаагаа өргөжүүлэх, намын анхан болон дунд шатны төлөвшилтөд анхаарч ажиллах.

Гуравдугаарт, Засгийн газрыг ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллахад анхаарч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрүүдээс аль нь хэрэгжив, хэрэгжээгүйг хэн гэдэг албан тушаалтнаас нэхэх вэ гэдэг чиглэлээр ажиллахад анхаарал хандуулахаар болжээ.

Мөн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй тус намын нарийн бичгийн дарга нар, АЭХ, АЗХ, ААХ-ны төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сарын 21-27-ний хооронд БНХАУ-ын Коммунист намын урилгаар тус улсад ажлын айлчлал хийсэн нь амжилттай болж өндөрлөснийг онцлоод, Монголын хөрсөнд буулгаж болохуйц сайн зүйлүүд байгааг хэллээ.

Тухайлбал, эдийн засаг маш сайн ардчилагдсанаар эргээд Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх, шинэ ноу хау, шинэ ажлын байр олноор бий болох бололцоог нээж байна гэж Ц.Оюундарь дарга онцоллоо. Түүнчлэн төлөвлөлтийг маш сайн хийх нь хөгжлийг тодорхойлох бас нэгэн чухал хэмжүүр болж байгааг сануулсан юм. Мэдээллийнхээ дараа тэд сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Гадаадын хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 40 гаруй хувиар буурсан. Эргэж хэрхэн сэргээх вэ. Энэ тал дээр нам бодлогын төвшинд хэрхэн харж байгаа вэ?

Оюу толгой

-Өнгөрсөн жилүүдэд Оюутолгойн хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт бодит хөрөнгө оруулалт оруулж байсан. Гэвч тодорхой хүндрэлүүдийн улмаас өмнөх оруулж байсан хөрөнгө оруулалттай нь харьцуулахад буурсан байгаа. Нөгөө талаас ашигт малтмалын 1500 лицензийг цуцалсантай холбоотойгоор түүгээр дамжиж орж ирж байсан хөрөнгө оруулалт цуцлагдсан. АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө замбараагүй олгогдсон ашигт малтмалын лицензүүдийг цэгцлэхээ амласан, ард түмэн ч дэмжиж байсан. Одоо ашигт малтмалын лицензүүдийг Хөрөнгө оруулалтын хуулиар цэгцлээд төрийн зохицуулалтаар хуулийн дагуу олгоод эхлэхээр хөрөнгө оруулалт зах зээлийнхээ жамаар өсөөд явах учиртай.

-МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус Засгийн газрыг тэр дундаа Ерөнхий сайдыг сайн дураараа огцрох ёстой гэх шаардлага тавиад байгаа. Эдийн засагт хямрал бодитой нүүрлэх нь, эдийн засгийн өсөлт саарсан нь Н.Алтанхуяг сайд танхимаа удирдаж чадахгүй байгаатай холбоотой гэж үзэж буй. Энэ асуудалд та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

-МАН сөрөг хүчин учраас байсхийгээд огцруулах асуудлыг тавьж байгаа. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар тийм ч муу ажиллахгүй байгаа. Эдийн засгийн тодорхой хүндрэлүүд гарч байгаа нь үнэн.

Энэ нь дэлхийн эдийн засаг хямралын үр нөлөө Монголд нөлөөлж байгаатай холбоотой. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил бас нэлээн буурсан үзүүлэлттэй гарч байна, түүний нөлөө бас бий. Нөхцөл байдал амаргүй байгаа ч Засгийн газрын зүгээс Чингис бондыг төлөвлөөгүйгээр оруулж ирсэн ч нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтын ажлыг маш сайн хийж байгаа. Хийж бүтээж байгаа зүйл чамгүй бий. Тийм болохоор хөрөнгө оруулалтын тасалдлаар эдийн засгийн өсөлтийг дангаар нь тооцох нь өрөөсгөл гэж хэлэх байна даа.

-Ам.долларын ханш өнөөдөр 1670 төгрөгтэй тэнцлээ. Ам.долларын ханшийн өсөлтөөс болж Засгийн газар, Монголбанк хоёрын хамтдаа хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хүндрэл учирч болзошгүй нөхцөл байдал үүслээ. Жишээ нь нефтийн бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортлоход нэлээн том зөрүү үүсэх болж байна. Энэ асуудалд намын зүгээс анхаарал хандуулж байгаа юу?

Эрдэнэт үйлдвэр

Ам.долларын ханшийн өсөлтийг бид ажиглаж байна. Мөн эрх барьж байгаа, энэ ажлыг хариуцаж байгаа хүмүүст ч шаардлага тавьж байна. Ойрын хугацаанд тодорхой арга хэмжээ авах болов уу. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мөн анхаарал тавьж ажиллаж байна. Хамгийн гол зүйл нь, гаднаас ам.доллар орж ирэхээ больчихсон, экспортолж байгаа бүтээгдэхүүнүүд нэг тэрбум ам.долларын өрөнд явж байна шүү дээ. Тодорхой жишээ татъя, Оюутолгойгоос урьдчилаад 250 сая ам.доллар зээлсэн байсан бол Тавантолгойгоос 350 сая ам.доллар зээлчихсэн байсан. Тавантолгойн нүүрсийг экспортлоод байдаг, эргэж ам.доллар нь орж ирэхгүй өрөнд шингэж байна.

“Эрдэнэт” үйлдвэр гэхэд л 230 сая ам.долларыг мөн зээлээр авчихсан байх жишээтэй. Баяжмал нь ам.доллар болж орж ирэхийн оронд өрөнд л шингэж байна. Зөвхөн энэ гурав дээр тавьсан өр 1 тэрбум ам.доллар юм шүү дээ. Монголын эдийн засагт орж ирэх ёстой энэ мэт мөнгө өр дарахад зарцуулагдчихаж байгаа учраас валютын нөцө бүрдүүлэхэд хүндрэл учруулж ханш өсгөх шалтгаан үүсгэж байгаа. Тийм учраас Оюутолгойгоос баяжмалаа нэмж гаргая, үйлдвэрлэлээ хоёр дахин өсгөаж байж доллараа оруулж ирье. Гадаадын банкуудаас эдийн засагтаа доллар оруулж ирэх ажлыг яаралтай хийе гэсэн байр суурьтай байна.

-Багануур дүүрэгт болж байгаа Засаг дарга нарын маргаан дээр танай нам ямар байр суурьтай байна вэ?

-Тэр талаар одоохондоо мэдээлэлгүй байна.