Ц.Баярсайхан: Цахилгаан дулааныг цогцоор нь шийдсэн
Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас тодруулсанаа хүргэж байна.
2014.07.29

Ц.Баярсайхан: Цахилгаан дулааныг цогцоор нь шийдсэн

Нийслэл хотын төвлөрөлийг сааруулах зорилгоор баруун зүүн талд орон сууцны хороолол, хотхон барих ажлыг эхлүүлээд буй. Гэвч дэд бүтэц, шугам сүлжээ хамгийн ихээр асуудал дагуулаад байсан.

Тиймээс Засгийн газраас шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж байгуулах, хотуудын ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан билээ. Энэхүү зорилт эхнээсээ биелэлээ олж “Буянт-Ухаа” хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг өчигдөр хүлээлгэн өгсөн юм.

Хан-Уул дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 170 га талбайд “Буянт –Ухаа” хороолол баригдана. Тус хороололд дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээ баригдсанаар орчин үеийн тохилог 15 мянган айлын орон сууцны барилга, 7500 хүүхдийн сургууль, 3750 хүүхдийн цэцэрлэг, 60 ортой ахмадын эмнэлэг, өдөрт 1315 хүнд үзлэг хийх өрхийн эмнэлэг, 300 ортой төрөх эмнэлэг, төрийн байгууллагууд, их сургууль болон спорт цогцолборын 5-21 давхар бүхий барилга обьектууд шинээр баригдахаар төлөвлөгдсөн билээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас тодруулсанаа хүргэж байна.

-Цахилгаан, дулааныг хамтад нь шийдвэрлэсэн дэд бүтцийг бий болгосон хэмээн танилцуулсан. Энэ талаар тодруулж өгнө үү?

-2010 онд УИХ-аар “Шинэ бүтээн байгуулалт” нэртэй томоохон хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрөөр нийслэлд 100 мянган айлын орон сууц  барих, аймаг болгонд 1000 айлын орон сууц барих, ингэхдээ дэд бүтцийн асуудлуудыг шийдэх гэсэн том хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 149 дүгээр тогтоол гэж гарч ирсэн. Энэ тогтоолоор 500 гаруй тэрбум төгрөгийн инженерийн шугам сүлжээ хийх,  түүнийгээ Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр заасан юм.

Үүнийг 2012 онд байгуулагдсан шинэ Засгийн газар хэлэлцэж үзээд  үргэжлүүлэх нь зүйтэй юм байна гэж дүгнэсэн. Гэхдээ тооцоо, судалгаа зэрэг  зарим юмыг нягталж үзсэн. Ингээд Шинэ бүтээн байгуулалтын  хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гурван төслийн нэгж байгуулсан.  

Тодруулбал, дэд бүтэц төсөл, Дэд бүтэц- эрчим хүч төсөл, Дэд бүтэц-гэр хороолол гэсэн гурван хэсэгт нийтдээ 400 гаруй тэрбум төгрөгийн ажил хийх юм. Энэхүү санхүүжилтээр Улаанбатаар хотод 7 орон сууцны шинэ хороолол, 10 гэр хороололын дахин төлөвөлтийн газруудад инженерийн шугам сүлжээний ажил хийж байгаа.

Эрчим хүчний хангамжийн хувьд “Их тойруу“  гээд 110 кВт-ын  шугамыг Улаанбаатар хотыг тойруулан татаж байгаа. Энэ нь алслагдсан дүүргүүдэд цахилгаан эрчим хүчийгн найдвартай түгжээж байна. Мөн МҮОНТелевиз орчим, 7 дугаар хороолол, Буянт-Ухаа, Баянголын амуудад цахилгаан түгээх болон цахилгаан хуваарилах сүлжээний 100 гаруй км  шугам сүлжээ, кабелийн ажил хийгдэж байгаа.

Дээр нь Буянт-Ухаа хороололд цэвэр усны эх үүсвэр шинээр барьсан. Гүний 20 худаг гаргаж, Түүнээсээ 2800 м.куб –ийн багтаамжтай 2 усан сан байгуулсан нь өнөөдөр /өчигдөр/ нээлтээ хийлээ.

Ингэснээр техникийн нөхцөл буюу дэд бүтцийн эх үүсвэргүй байсан 300 ортой төрөх эмнэлэг, Архивын Ерөнхий газар, Ахмадын эмнэлэг зэрэг  барилга байгууламжууд ашиглалтад орох боломжтой боллоо.

 Одоогоор “Буянт-Ухаа 1” хорооллын  1500 орчим аймлын орон сууц баригдсан. Нийтдээ Нисэх орчимд 9 байршил дээр орон сууцны хороолол баригдаж байна. Усан хангамж, цэвэрлэх байгууламж, цахилгаан хангамж нь иж бүрнээр ийнхүү шийдэгдсэн учраас “Буянт ухаа” хороолол томоохон хороолол болон сүндэрлэх нөхцөл бүрдлээ гэж болно.

-Орон нутагт дэд бүтцийн хэр амжилттай хийгдэж байгаа вэ?

-Аймгуудад 1000 айлын орон сууц барих ажил ид өрнөж байна. Би саяхан Өвөрхангай, Төв,   Баянхонгор, Завхан, Архангай зэрэг аймгуудад ажиллаа. Эдгээр аймгуудад дэд бүтцийн ажил эрчимтэй хийгдэж байна. Дээр нь 24 суманд энэ жилийн “Сумын төвийн шинэчлэлийн хөтөлбөр “хэрэгжиж байгаа. Тэдгээр сумдаас төлөөлөл болгон гурван сумаар  ороход дэд бүтцийн ажил  нь сайн хийгдэж байна. Дэд бүтцийн ажил хийгдэж, тухайн орон нутгийн  хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар иргэдийг орон сууцаар хангах бодлого хэрэгжинэ. Дэд бүтцийн ажил бол хөгжлийн хувьд нэн тэргүүнд хийх ёстой асуудал.

Дэд бүтцийг шийдсэнээрээ иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдэхээс  гадна Мянганы хөгжлийн  зорилтод тусгасан зорилго биелж байна. Тодруулбал, хүн амыг ундны цэвэр усаар хангах, ариутгах татуургын байгууламж барих энэ зорилт тавьсан байсан. Бид энэ зорилтондоо хугацаанаасаа өмнө хүрч байна гэж болно. Ер нь орон сууцны хорроолол гэдэг бол зөвхөн орон сууцны барилгын асуудал биш. Сургууль, эмнэлэг, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, хувийн бизнес эрхлэх ажлын байр гээд ажиллаж, амьдрах бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэдэг.