Тогтоол хүчингүй болгохыг шаардав
Улсын Их Хурал
2014.11.24

Тогтоол хүчингүй болгохыг шаардав

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Ж.Батсуурь нар Шадар сайд Д.Тэрбишдагвад шаардлага хүргүүлжээ.

Өнгөрөгч сард Засгийн газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлсэн тухай 327 дугаар тогтоол баталсан нь Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон Лимагийн тунхаглалыг зөрчсөн гэж гишүүд үзсэн байна.

Тодруулбал, МХЕГ-ын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлснээр төрийн захиргааны хяналт, шалгалтын үндсэн зарчмыг дотоод хяналт, аудиттай давхардуулан хольсон нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийг зөрчиж буй гэнэ.

Иймд уг тогтоолыг хүчингүйд тооцох, өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөж буй Төрийн хяналт, шалгалтын болон Төсвийн тухай хуульд нийцүүлэн ажиллахыг гишүүд шаарджээ.