Г.Батхүү, С.Одонтуяа нар рекорд тогтоов
УИХ-ын гишүүн Г.Батхүү, С.Одонтуяа
2015.03.17

Г.Батхүү, С.Одонтуяа нар рекорд тогтоов

УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар гишүүд орон нутагт ажиллаж, баталсан хууль, тогтоомжоо сурталчлан, иргэдийн саналыг сонсож яваа.

АН-ын бүлгийн гишүүд дотроос Г.Батхүү, С.Одонтуяа нар хамгийн олон аймагт ажиллаж, рекорд тогтоож байгаа аж.Зарим гишүүн 1-2 аймагт л ажиллах хуваарь гарсан бол тэд 6-7 аймагт очъё гэжээ. Одоо эдгээр аймагт очоод бараг дуусах шатандаа яваа юм. Г.Батхүү гишүүн энэ өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж буй. Тэрбээр Баян-Өлгий, Увс, Ховдод ажиллаад дараа нь говийг “байлдан дагуулах” гэнэ. Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллах багт орсон юм билээ.

Гишүүн С.Одонтуяа АН-ын бүлгийн дэд дарга учраас тэр үү хамгийн олон буюу долоон аймагт ажиллахаар болсон байна лээ. Энэ долоо хоногт тэрбээр Аж үйлдвэрийн сайдын хамт Дархан-Уул, Орхон аймагт ажилласан.

Үүнээс гадна Булган, Говь-Алтай, Төв, Хөвсгөл, Хэнтий томилолтынх нь жагсаалтад оржээ. Бусдаасаа илүү цэвэр агаар амьсгалсан түшээд хаврын чуулганаа ханиад томуугүй, эрүүл чийрэг эхлүүлэх биз ээ.