Оюутолгой жилд 100 сая ам.доллараар эрчим хүч худалдан авдаг
УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод тус салбарыг 15 жилийн хугацаанд хоёр үе шаттай хөгжүүлэхээр тусгаад байна. Энэ хугацаанд эрчим хүчний салбар дахь алдагдлыг арилгана, төр, хувийн хэвшлийн түншлэлээр энэ салбарт хөрөнгө оруулалтыг татна. Үе шаттайгаар хувьчлалыг зохион байгуулах зэрэг зарчмын томоохон асуудлууд тусгалаа олсон юм.
Ингээд тус бодлогын баримт бичгийг хэлэлцэх үеэр хэлсэн зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Эрчим хүчний салбар бол стратегийн салбар учраас эхний ээлжинд шийдэх ёстой төслийн санхүүжилт 5-6 тэрбум ам.долларыг төрөөс санхүүжүүлэх шаардлага бий гэдэг тайлбар хийгээд байсан. Гэтэл энэ хандлага чинь буруу байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
Хэлбэр бичилтийн хувьд би сайн ойлгосонгүй. Д.Зоригт сайд та өнөөгийн байдлаа яагаад бодлогодоо оруулаад биччихсэн юм. Үүнийг чинь голдуу гол үзэл, баримтлалдаа л бичдэг шүү дээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Энэ бол улс орны ирээдүйтэй холбоотой чухал салбар учраас хамгийн гол хэрэгжилт. Өмнө нь бид Эрчим хүчний талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлого баримт бичгүүд гарч байсан санагдаад байх юм.
УИХ-ын гишүүн М.Сономпил
Энэ салбарыг өнгөрсөн хоёр жил удирдсан хүний хувьд жаргал зовлонг нь сайн мэднэ. Манай эрчим хүчний салбар энэ бодлогын баримт бичигт мөрөөдлөө бол жагсааж бичээгүй гэж бодож байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан
Энэ бодлогын баримт бичгийг дэмжиж байна. Хамгийн гол Монгол орон цаашдаа энэ бүс нутагтаа цахилгаан эрчим хүчний хувьд томоохон тоглогч болчихоод экспортлох бололцоо байгаа гэж харж байгаа.
Мөн УИХ-аар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр тус өдрийн хуралдаан өндөрлөв.