Төрөөс ирээдүйдээ хөрөнгө оруулах эхний алхам
2015.07.25

Төрөөс ирээдүйдээ хөрөнгө оруулах эхний алхам

Алсын хараатай төр улс юу хйидэг вэ? Ирээдүйдээ хөрөнгө оруулдаг. Хөрөнгө оруулах нэгэн гол хэрэгсэл нь баялгийн сан буюу Ирээдүйн сан байдаг.

Монгол улс уул уурхайгаас орлогодоо нэг хэсэг бялуурахдаа Хүний хөгжлийн сан гэгч сонгуулийн популизмын сан байгуулаад мөнгө хуримтлуулах нь битгий хэл өрөнд орсон.

Тэгвэл Баялгийн санг дэлхийн жишгээр байгуулах эхний алхамыг Ерөнхийлөгч хийж Ирээдүйн өв сангийн тухай хууль санаачилж өнгөрсөн оны 10 дугаар сард өргөн барьсан. Хуулийн төслийг УИХ хаврын чуулганаараа авч хэлэлцсэн ч одоохондоо батлаагүй байгаа.

Хуулийн гол санаа нь Монгол Улсад эрдэс баялгаас бий болсон их хэмжээний орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоог бий болгох ажээ. Ингэхдээ урт хугацааны хуримтлал, хадгаламж бүрдүүлэх үндсэн зорилго бүхий Баялгийн санг байгуулах юм байна. Дэлхий дахинаа Баялгийн сан нь улс орон бүрт өөрийн оноосон нэртэй байдаг бөгөөд  энэ жишгийн дагуу Монгол Улсын Баялгийн сан нь “Ирээдүйн өв сан” гэсэн нэртэй байх болно.

Уг хууль батлагдсанаар Хүний хөгжлийн сангийн үйл ажиллагаа дуусч санг олон улсын баялгийн сангуудын туршлагад нийцүүлэн өөрчлөн байгуулах, удирдлага, зохион байгуулалтын асуудлуудыг нарийвчлан хуульчлах, 2018 оноос буюу Хүний хөгжил сангийн өр, төлбөрийг барагдуулж дуусах үед орлогыг шинээр байгуулагдах баялгийн санд хуримтлуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Сангийн хөрөнгийн эх үүсвэр нь ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, төрд ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого, 2018 оноос эхлэн улсын төсөвт орох эрдэс баялгийн орлогын суурь жилийн орлогоос давсан хэсгийн орлогын 20 хувь болон бусад орлогоос бүрдэхээр, Сангийн хөрөнгийг 2030 оноос эхлэн сангийн цэвэр орлогын 20 хувийг улсын төсөвт шилжүүлэх замаар зарцуулахаар тус тус тусгасан байна. Мөн хуулийн төсөл 7 бүлэг, 37 зүйлтэй, Ирээдүйн өв сангийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л харилцааг зохицуулах аж.

Түүнээс гадна Баялгийн сантай болно гэдэг үр хойчдоо зүгээр нэг мөнгө хадгалах биш тэр мөнгийг аривжуулдаг туршлага дэлхий дахинд бий. Ингэхдээ Сангийн хөрөнгийг дэлхийн хөрөнгийн зах зээлд гаргаж ашигтай гэсэн бизнесийг санхүүжүүлдэг. Эдүгээ олон улсад бие даан амжилттай ажиллаж байгаа сангуудаас дурьдвал Кувейтын хөрөнгө оруулалтын агент, АНУ-ын Аляскийн байнгын сан, Азербайжаны газрын тосны сан, Австралийн Ирээдүйн сан, Хятад, Солонгос, Сингапурын Засгийн газрын хөрөнгө оруулалтын корпораци зэргийг нэрлэж болно.