Тарваган тахлын вакциныг үнэгүй хийнэ
Тарваган тахлын байгалийн голомт манай орны хувьд 7-9-р саруудад хамгийн өндөр идэвхтэй байдаг.
2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын улмаас таван хүн өвдөж байжээ.
Энэ жилийн хувьд Ховд аймгийн Булган сумын харьяат 14 настай хүү уг халдварын улмаас нас барсан юм.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ жил 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомт бүртгэгдээд байгаа юм. Тэр дундаа Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна.
Тиймээс нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар 1-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл мэргэжлийн байгууллагууд байнгын хяналтын цэг ажиллуулж байна. Тарваган тахал өвчний эрсдлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ аврахын тулд байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Вакциныг Зоонозын өвчин судлалын төвд үнэ төлбөргүй хийж буй ажээ.