2008.09.17

Н.Энхболд: Г.Батхүү бид хоёрт ирэх дөрвөн жилд хийх ажил их бий

УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн санасан хэмжээнд багасаж чадсангүй. Хоёр нам хамтран ажиллах нэрийдлээр “сандал ширээгээ” хуваахын тулд өнөөх данхар бүтцээ хэвээр нь шахуу оруулж ирлээ гэх шүүмжлэл байна. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Яам, сайд нарын тоо тодорхой хэмжээгээр хасагдсан. Хамгийн чухал нь хамтарсан Засгийн газар юу хийх вэ гэдэгт тохируулж бүтцээ гаргасан. “Сандал, ширээ” хуваалцаад явна гэдэг өөр асуудал. Монгол Улсын хувьд түүхэн боломж, хөгжлийн онцгой үе гэдэг агуулгаар юуг хийж амжуулах вэ гэсэн зорилго дээр зангигдан бий болсон бүтэц гэж хүлээн авч байгаа. Ерөнхийдөө хоёр намын зүгээс гарсан ажлын хэсгийн санал гэхээсээ илүү Ерөнхий сайдын хийе гэж зорьсон ажлын төлөвлөгөөнд таарсан бүтэц гэж ойлгож байна.

Манай намын Бага хурлаас Ерөнхий сайдын санал болгосон хамтарсан Засгийн газар байгуулах зарчмын байр суурийг дэмжсэн. Намын бүлэглэл буюу хэсэг бүлгийн гэхээсээ илүү нийтлэг эрх ашигт нийцүүлж ажиллах гэсэн агуулгыг МАХН-ын Бага хурлын гишүүд ухамсарлан ойлгож чадсан. Ингээд нэгэнт хамтран ажиллах хүсэл, эрмэлзэл, зориг бүрэлдэн бий болсон учраас хамгийн ойлгомжтой зарчим байх ёстой.

Єөрөөр хэлбэл, УИХ-д хоёр нам ямар харьцаагаар суудал авснаараа Засгийн газраа бүрдүүлэх нь ойлгомжтой асуудал. Тийм учраас 60:40 гэсэн харьцааг өөрчлөх шаардлага байхгүй. Сүүлийн үед төрийн албаны бүтэц данхар гэх шүүмжлэл гарах болсон. Гэвч энд нэгэн судалгааны үр дүнг хэлье. Манай Төрийн албаны зөвлөл гадны байгууллагуудтай хамтраад Монгол Улсын төрийн алба ямар төвшинд ажиллаж байна гэсэн судалгаа хийсэн. Энэ нь сүүлийн хэдэн жилд хийгээгүй томоохон судалгаа л даа. Yүнээс үзвэл төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн тоо хүн амтайгаа харьцуулахад дэлхийн дундаж хэмжээг барьжээ. Гагцхүү түүнийг хэрхэн зөв ажиллуулах вэ гэдэгт л асуудал нь байгаа юм.

-Ерөнхийлөгч Шадар сайдын хоёр орон тоог нэг болгох тухай санал өгсөн байсан. УИХ дахь МАХН-ын бүлэг Ерөнхийлөгчийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өгсөн саналыг хэрхэн хүлээн авсан вэ?

-Ерөнхийлөгчийн санал ирсний дараа Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн талаар саналаа УИХ дахь намын бүлэгт танилцуулсан. Ерөнхий сайдын саналыг дэмжсэн.

-АН-аас сайдад нэр дэвшүүлэхэд МАХН ямар нэгэн шалгуур тавих уу?

-Одоогийн байдлаар бүтэц, бүрэлдэхүүнийхээ асуудлыг УИХ-аар эцэслэж шийдээгүй байна. Ер нь Засгийн газрыг байгуулахдаа дэс дарааллаар нь явах зарчим баримталсан. Эхлээд хийх ажил, дараа нь түүндээ тохирсон бүтцээ яриад, эцэст нь хүнээ ярих юм. Мэдээж Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэхэд Ерөнхий сайдын санал чухал. Єнөөдрийн улстөрийн нөхцөл байдлаас дүгнэхэд улс орны хөгжлийн асуудлыг хамтран шийдэх чадвартай улстөрийн хүчнүүд хамтарсан Засгийн газар байгуулах гэж байна. Тиймээс хариуцлагатай улстөрийн хүчнүүд ажил хийж чадахгүй боловсон хүчинг дэвшүүлэхгүй гэдэгт найдаж байна. Нэгэнт намууд нь боловсон хүчнээ сонгоод оруулаад ирвэл аль аль нь өөлөөд байхгүй биз. Тэгвэл гараа нь тааруу алхам болох болов уу.

-Хамтарч ажиллах гэрээнд эх орны баялгаас хувь хүртээх заалт бүрхэг, хийсвэр байдлаар орсон байна гэж АН-ын хэсэг гишүүд шүүмжилж байгаа. Энэ шүүмжлэл хэр үнэний ортой вэ?

-Хэн ямар өнцгөөс, ямар сонирхлоор хандаж байгаа нь сонин. АН-аас өөрсдийнх томилсон ажлын хэсэг МАХН-ын ажлын хэсэгтэй хамтраад гэрээндээ тодорхой томъёоллоор оруулсан. Сая 500 мянган төгрөгийг бэлнээр тоолоод өгөх үг, өгүүлбэр байхгүй. Ямар ч байсан уул уурхайн баялгаас хамгийн доод тал нь сая 500 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний дэмжлэг иргэнд хүрч тухайн хүний амьдралд бодиттой нөлөө үзүүлэхийг л чухалчилж байгаа. Би АН-ын бүлэг дотор үүссэн маргааныг сайн ойлгоогүй.

Хэрхэн тайлбарлаж, тийм маргаан үүссэн нь тодорхой бус байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс чиглэл авсан АН-ын гишүүд л манайхантай сууж байгаад тэрхүү томъёоллыг хийсэн биз дээ. Намын удирдлагууд болон гишүүд нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурчхаад дараа нь ийм яриа гарсанд гайхаж байна. Гэхдээ АН-ынхан дотроо учраа олно биз дээ. Байгалийн баялгаас иргэддээ хувь хүртээхийн төлөө л ажиллах болно. Энэ бол ганц АН-ын санаа зовох асуудал биш. МАХН-ын гишүүд ч санаа зовж байна. Амьдрал нэг удаагийн сонгуулиар дуусчихгүй шүү дээ. Ажлын хэсэгт орсон хэсэг тодорхой бус зүйл хийчхээд бултах гэтэл нөгөө хэсэг нь түүнийг нь илчлээд байгаа юм шигээр тайлбарлаж таарахгүй биз дээ. Бүгд адилхан санаа, зорилготой учраас бид хамтран ажиллах гэрээндээ тусгалаа шүү дээ. Хамгийн гол энэ ажлаа хүний сэтгэлд хүртэл биелүүлэх нь бидний үүрэг.

-УИХ хоёр дэд даргатай болсон. Заавал хоёрын хоёр дэд даргын шаардлага байгаа юм уу?

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар УИХ ес хүртэл дэд даргатай байж болно. Есөн намаас тус бүр бүлэг байгуулах хэмжээний найман хүн УИХ-д сонгогдвол дэд даргатай байх ёстой. Хамтарч ажиллах учраас хоёр дэд даргатай больё гэсэн зүйл биш. Эрх мэдлээсээ хуваалцах гэсэн хоёр намын тохироо гэж хардвал бүр эндүүрэл.

-Та АН-аас сонгогдсон дэд дарга Г.Батхүүтэй уулзаж хамтран ажиллах талаараа ярилцсан уу?

- Г.Батхүү дэд даргатай уулзалгүй яахав. УИХ-ын даргатай бид уулзаж ажил үүргийн чигээ ярилцсан. Хуулийн дагуу дэд даргын хүлээх үүрэг, хариуцлага гэж бий. Yүнийгээ нэн тэргүүнд баримтлан ажиллана. Г.Батхүү бид хоёр уулзаад ярилцсан зүйл бий. Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад УИХ-ын зүгээс хичээж ажиллахыг ярилцсан. Мөн байнгын хороо, бүлгийн ажлын уялдаа холбоог анхаарна гэдгээ ярьсан. Єнөө маргаашгүй УИХ-ын даргатай уулзаж хариуцах ажлын хуваариа гаргаад авна. Ер нь юм хийе гэвэл ажил багадахгүй. Ажил үүрэг нь их албан тушаал дээр очсон атлаа зүгээр суугаад байвал ажилгүй нэгэн л болно. Ажил бага ч хийх сэтгэл, зүтгэл байвал ажил багадахгүй. Г.Батхүү бид хоёрын хувьд хийх ажил ирэх дөрвөн жилд их бий. Явц дундаа харагдана биз дээ.

- Парламент сөрөг хүчингүй боллоо гэж байгаа. Сөрөг хүчний орон зайг хэрхэн нөхөх вэ?

-Сүүлийн хоёр гурав хоногийн үйл явдлаас харахад аль ч намын дотор эсрэг байр суурьтай хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байна. Сөрөг хүчингүй боллоо гэх үндэслэл байхгүй ээ. Бид том зорилгод нэгдээд ажиллана. Манай төрийн түшээдэд хяналт тавих, ёс жудагтай байх зэрэгт хэн ч сөрөг хүчин болоод ажиллах боломж бүрэн бий. Гагцхүү амьдралд л харуулах хэрэгтэй.

Монголын нийт сонгогчдын 90 гаруй хувь нь манай хоёр намын төлөө саналаа өгсөн. Тиймээс хамтран ажиллах нь зөв гэсэн итгэл үнэмшлийн гол учир утгыг энэ гэж би хувьдаа үнэлж байгаа. Хуучин шигээ хуваагдан, сөрөг хүчин байхын тулд сөрж байхад нөгөө талд бид олонхи учраас дийлээд явна гээд зүтгэдэг байдлаасаа л салах хэрэгтэй.

-Yүнээс хойш, түүнээс цааш гэдэг шиг ирэх жилүүдэд сонгогчдын сонголт намуудын хамтран ажиллах хүсэл, зорилгод тулгуурлаж явах нь гэсэн хандлага ажиглагдаж байна л даа. Сонгуулийн тогтолцоогоо ч бодсон. Тийм боломж хэр бол?

-Цаг хугацаа харуулах биз дээ. МАХН, АН-ын нийгмийн бааз суурь тогтвортой. Єнгөрсөн 17, 18 жилийн хугацаанд хүмүүсийн хандлага төлөвшчихлөө. Хандлага төлөвшсөн гэхээр бие биеэ үзэн яддаг, үгүйсгэдэг бүлэглэлүүд үүслээ гэж бодохгүй байна. Нийгмийн том суурийг араасаа дагуулж яваа улстөрийн хүчнүүд хоорондоо зөв арга хэлбэр олж, олон мянган сонгогчийн хүсэл эрмэлзлийг биелүүлэхийн төлөө л явах ёстой. Цаашдаа ихэвчлэн эвслийн Засгийн газар байгуулах нийгмийн сонголтын суурь бүрэлдсэн байж магадгүй. Ирэх дөрвөн жил хоёр намын хамтын ажиллагаанаас монголын улстөрийн хүчнүүдийн харьцаа, хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөх нь гарцаагүй. Єнөөдөр бол сонгогчид хоёр талд л хуваагдсан байдалтай байгаа шүү дээ. Тиймээс сонгогчид цаашид улам л хоёр тийшээ яваад байх уу, эсвэл ойртох уу гэдэг ч шалтгаална. Бид зөв ажиллаж чадвал улстөржсөн нийгмийн хуваагдал аньж, улстөрд шинэ өнгө аяс нэмж, улс орны хөгжилд ч ахиц авчрах юм.

-Та Yндэсний эв нэгдлийн Засгийн газарт ажиллаж байсан. Одоогийн Засгийн газарт ч ажиллаж байна. Тиймээс хамтарсан Засгийн газрын алдаа, оноон дээр ямар сургамж авсан бол?

-Yндэсний эв нэгдлийн Засгийн газарт саад бэрхшээл байсан ч хийсэн ажил их бий. Ажил амжуулахад нөлөөлсөн олон учир шалтгаан бий л дээ. Тухайлбал, гадаад эдийн засгийн орчин таатай байсан үе. Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан гишүүдэд ажил хийх юмсан гэсэн сэтгэл их байсан. Харамсалтай нь парламентад Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын эсрэг үзэл бодолтой хүн олон байсан. Тэр үед сайд нарыг нэг нэгээр нь огцруулах асуудлыг зургаа, долоон удаа тавьж байлаа.

Парламентын дэмжлэг муу учраас Засгийн газар ажиллахад хүнд юм байна гэдгийг мэдэрсэн. Yүнээс сургамж авч, гэрээндээ Засгийн газрын тогтвортой ажиллагааг хангасан заалт оруулсан. Мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахын тулд хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулж байгаа. Засгийн газрыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь огцруулна гэж үзсэн тохиолдолд огцруулах заалт орсон. Энэ бол бид нарын авсан сургамж. Нэг хүн нэгэнтэйгээ муудахаар огцруулна гэж матдаг байлаа. УИХ-ын гишүүдийн 60 нь чуулганд суугаад 30 гаруй нь огцруулна гэхэд Засгийн газар огцордог шүү дээ. Том утгаар нь аваад үзвэл ийм байдлаар Засгийн газрыг огцруулна гэдэг Монгол Улсад хэрэггүй юм. Харин хуулийн төсөл батлагдвал Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хууль эрх зүйн орчин бүрдэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.